Соёлын сайд Ч.Номин “Д.Дагвадорж нь циркийг хувьчилж авсан болохоор түүний өмчид халдаж болохгүй. Тиймээс шинэ цирк барина” хэмээн мэдэгдлээ. Цирк барих хөрөнгийг ирэх оны төсөвт суулгуулахын төлөө ажиллаж буй гэдгээ ч өгүүлэв. Судалгаа хийж, салбарынхантай уулзаж буй гэсэн. Салбарын яамнаас циркийг шинээр барина гэхэд циркчдийн заримынх нь магнай хагарах шахам баярлаж, нэг хэсэг нь “Юу гэнэ вэ, шинээр барих гэв үү” гэж гайхаж байхад бусад нь эргэлзэж, итгэхгүй байж ч мэднэ.
Юутай ч циркийн урлагийг харьцангуй богино хугацаанд үндсэндээ дэлхийн энд хүртэл хөгжүүлж чадсан Монгол Улс дахин цирктэй болох сураг сонсогдов.
Байсан циркийг уран бүтээл, амжилт, бий болгосон өч төчнөөн брэндтэй нь бусниулсан, уран бүтээлчдийг олон талаар хохироосон, байр байшинг нь хувьчлах нэрээр хувь хүнд өгсөн, үзэгчдийг үе, үеэр нь хөндийрүүлж, циркийн урлагаас хүртэх ёстой байсан боловсрол, соёл, хүмүүжлийн чиглэлийн үр өгөөж алдагдсан хохирлыг нөхөн барагдуулах тухай ярих уу, хэлэлцэх үү, сайд аа. Циркийн уран бүтээлчдийн 80 гаруй жилийн хөдөлмөр, бүтээл, туршлагын үнэлэмжийг хэрхэх вэ. Ажлаа хийж байгаад нэг л өдөр харьяалах албан газар ч үгүй, нийгмийн даатгал, тэтгэвэр гэх олигтой юмгүй болж үлдсэн уран бүтээлчдэд төр, засгийн зүгээс нөхөн олговор олгох уу. Тэдний олон талын хохирлыг ингэж барагдуулах уу. Цирк гэдэг бол зөвхөн цэнхэр дээвэртэй дугуй байшин биш ээ. Энэ нь үүсгэл санаачилга, хөдөлмөр зүтгэл, түүх, туршлага, уран бүтээл, амжилт ололт, хүсэл мөрөөдлийг ч багтаасан соёлын бүхэл бүтэн үйлдвэрлэл юм. Үүнийг ор мөргүй мэт үрэн таран болгосон хариуцлагагүй үйлдэл хийсэн нөхдийг өнөөдөр шүүн, хэлэлцэж, буруутныг тодруулан, зөвийг сэргээх учиртай байтал “Д.Дагвадорж нь циркийг хувьчилж авсан болохоор түүний өмчид халдаж болохгүй. Тиймээс шинэ цирк барина” гэж нүүр бардам мэдэгдэх нь энэ цагийн Соёлын сайдын амнаас л гарах хий ажгуу.
Эргэн саная. Улсын циркийг менежментийн хувьчлалаар хувь хүнд өгөхөд тухайн үед хэн, юу хэлсэн бэ. Бараг л хэн ч, юу ч гээгүй. Учир нь энэ төрлийн менежмент байдаг, түүнийг гэрээний хүрээнд явуулдаг, хувьчилж авсан этгээд үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх эрхгүй, харин ч хөгжүүлж, өндөр түвшинд хүргэх үүрэг хүлээсэн хэмээн ойлгож, улмаар бүгд итгэж үнэмшиж байсан учраас дургүйцэж, ундууцах биш, харин ч баяр хүргэх шахаж байсан билээ. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам юу болсныг бүгд мэдэж буй тул нурших нь илүүц. Циркчид гудамжинд гарснаас эхлүүлээд өнөөх цэнхэр өнгөтэй дугуй дээвэрт дотор юу, юу ч болов доо. Бас л бүгд мэдэж буй. Саявтархан тэрхүү байшингийн “сэг” дотроос нэгэн сайтынхан шууд бичлэг явуулахыг харж байхдаа “Засвар хийж байхад ямар ч байшин, барилга дотор ийм л харагдана шүү дээ. Дагваа аварга хүнээ байгаагүй нь лавтай. Нэг л өдөр “Та нар хар. Намайг муулаад байсан бил үү. Циркийг ийм болголоо. Одоо уран бүтээлчдээ урьж байна” гэж мэдэгдэх ч юм бил үү. Арай л эрт шуугиан тарьж байна даа” гэж бодож байсан.
Гэтэл одоо яаж байна. Салбарын сайд нь хэдийн буугаад өгчихөж. Эсвэл хуйвалдав уу. Улсаас хөрөнгө гаргаж циркийн байшинг шинээр барьдаг ямар их хөрөнгөтэй улс вэ. Яасан их хамгаалуулж, хаацайцуулдаг аварга вэ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар хэсэгтээ ажиллаж байсан О.Магнай “Дагвадорж аварга циркийн байгууламжийг менежментийн хувьчлал нэрээр авсан. Үүний төлөө нэг ч төгрөг төлөөгүй” гэж олон удаа мэдэгдэж байлаа. Магадгүй менежментийн хувьчлалаар авах гэдэг нь улсад цаасан мөнгө нэгийг ч тоолж өгдөггүй арга байж болох юм. Гагцхүү циркийг цирк чигээр нь байлгаж, хөгжүүлэх үүрэг хүлээн, гэрээнд гарын үсэг зурсан нь гол гогцоо юм. Асуудлын гол үүнд л буй. Нэгэнт энэ үүргээ биелүүлээгүйгээс хойш юуных нь гэрээ, хувьдаа авах. Эрх зүйн ямар зохицуулалтаар Улсын цирк түүнийх болох вэ. Захын хуульч үгүйсгэх буй за. Ийм ил тод алдаа завхралыг төр, засагт ажиллаж буй эрх мэдэлтнүүд харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч үгүй юм шиг өнгөрөөж байна уу. Бүхэл бүтэн урлагийг бүх юмтай нь залгих мэт үрэн таран болгосон хүний толгойг илээд “Яах вэ, аварга та наадхаа зүгээр ав, ав. Бид улсаас төсөвлөөд дахиад барьчихъя” гэх юм байна л даа. Хаана байна, өнөөх яриад байгаа шударга ёс, тэгш байдал, хуулийн хэрэгжилт. Ч.Номин сайд та үүнд хариулаач.
Менежментийн хувьчлал гэж юу вэ. Улс төрийн боловсролын академиас олон нийтэд хүргэсэн “Хувьчлалын стратеги, түүний үр дүн” хэмээх илтгэлд “Өмч хувьчлалын онцгой хэлбэр нь менежментийн гэрээгээр хийх хувьчлал бөгөөд тухайн байгууллагыг аж ахуйн нэгжид, өөрөөр хэлбэл, ажиллагсдад нь худалдах явдал юм. Ингэхдээ тухайн хамт олонд давуу эрх олгох байдлаар ихэнхдээ хийдэг” гэжээ. Улсын циркийг менежментийн хувьчлалаар хувь хүнд өгөхдөө энэ бүхнийг баримталсан уу. Зальдаад өнгөрсөн нь өнөө харагдаж байна. Үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй гэсэн үүрэг хүлээж гарын үсэг зурсан ч биелүүлээгүй гэсэн үзүүлэлтээр л уг байгууламжийг төр буцаан авах боломжтой бус уу. Энэ өнцгөөс харахад Д.Дагвадорж аваргын өмч гэх юу ч түүнд байхгүй мэт. Өнгөрсөн 14 жилийн урсгал зар-далд зориулсан мөнгийг нь харин олгоод төр өмчөө буцааж авч, түмний төлөөх үйлчилгээнд нь ашиглах ёстой биш үү. Иймхэн юмны учрыг олохгүйдээ биш, харин хүсэхгүйд учир нь байна уу. Шууд асууя. Циркийг шинээр барихын цаана ямар сонирхол байна вэ. Ард түмнээс циркийг нь булаасан хуйвалдаанд хэн, хэн оролцсон бэ, одоо бас ямар хор найруулна вэ.
Дээр эш татсантай холбогдуулан хэлэхэд Д.Дагвадорж аварга нэгэнтээ “Би циркийг менежентийн хувьчлалаар авсан. Одоо миний хувийн өмч. Би эх орныхоо нэрийг дэлхийд мандуулж явахад жишээ нь, О.Магнай юу хийж байсан бэ” гэхчлэн ярианы чиглэлийг эрс эргүүлсээр, бултуулсаар ирсэн билээ. Аварга аваргаараа гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Харин Улсын циркийг ийм төрлөөр хувьчилж авсан юм бол, гарын үсэг зурсан гэрээгээ баримтлалгүй өнөөдөр Монгол Улсыг циркгүй байлгаж буйнх нь төлөө, бас болоогүй улсын төсвөөс циркийн байшин барина гэж буй нь бол харин өршөөж боломгүй алдаа болов уу.
Монгол Улс цирктэй болсон цагаас хойш аварга болон түүнд найр тавигчид хошуу, гар дүрэх хүртэлх хугацаанд энэ урлагаа бүхий л шугамаар зөвхөн өөд нь татаж ирсэн. Улсаас Улаан-Үд дэх Монгол рабфакт сайн сурах ирээдүйтэй 70 хүүхэд явуулсны нэг нь монгол циркийг үндэслэгч Ж.Раднаабазар байв. Тэрбээр Москвагийн циркийн сургуультай танилцсанаар улсдаа цирк байгуулах хүсэлд автан, улмаар тус хотод циркийн сургуульд Л.Нацаг, Д.Гомбо нарын хамт суралцан дүүргэжээ. Тэд гурвуул эх орондоо ирмэгцээ төр, засагт хандаж “Бөмбөгөр ногоон” театрын дэргэд цирк байгуулах хүсэлтээ гаргасан юм билээ. Тэдний санаачилгыг төрөөс дэмжсэнээр тун удалгүй ЗХУ-аас мэргэжилтнүүдийг урьж, Монгол Улсад энэ урлагийг хөгжүүлэх шанг татсан түүхтэй. Байр, байшин хэрэгтэй болоход нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байсан Дарь-Эхийн сүмийн модон дуганыг 1940 онд Улсын циркт шилжүүлэн өгч байж. Нэрт зураач, Хөгжимт драматик театрыг үүсгэн байгуулалцаж, даргаар нь ажиллаж байсан Л.Намхайцэрэн уг дуганыг циркийн зориулалттай болгон өөрчлөх зураг төслийг хийж, гүйцэтгэх ажлыг удирдсан. Монгол Улс дэлхийн соёлт гүрнүүдийн нэгэн адил цирк хэмээх урлагийн төрөлтэй болсныг дараа жил нь Яармаг дахь наадмын талбайд 2000 хүний суудалтай задгай асар барьж, олон нийтэд циркийн тоглолт үзүүлснээр зарласан. Циркийн барилгыг тухайн үед социалист хамтын нөхөрлөлийн орнууд бие биеэ дэмжин ажиллаж байсны хүрээнд Румын улсын зүгээс өөрийн хөрөнгө оруулалтаар 1970 онд байгуулж өгсөн. Энэхүү байгууламж нь зориулалт, загвар, багтаамж гээд ер бүхий л үзүүлэлтээрээ Азид томоохонд тооцогдох объект болсныг тухайн үед тэмдэглэсэн төдийгүй өнөө ч нотолсоор байдаг. Циркийг 1971 онд ашиглалтад оруулах үед 200-гаад уран бүтээлч, 30 гаруй ажилчин, 40 гаруй амьтантай байсан гэдэг.
Орох оронгүй циркчдэдээ сургуулилалт хийх боломж олгохоор зориг шулуудан бэлтгэлийн танхим байгуулсан “Зола-брос” циркийн захирал, “Trouple zola”, “Есөн өрлөг” хамтлагийн үүсгэн байгуулагч Б.Золбаяр “Дэлхийн найман рекордыг эзэмшдэг монгол циркчид Монголдоо циркгүй байна” хэмээн гундуухан ярьсан. Энэ бол нэг л жишээ.
Циркчид нь байна. Дэг сургууль нь шалгарсан. Олон төрөл нь дэлхийд танигдсан брэнд болсон. Гэтэл зоргоороо нэг нөхөр “Энэ минийх. Гэрээнд юу гэж заасан нь хамаагүй” гээд гэдийчихэд төр, засаг нь хариуцлага тооцоод буцаагаад авчихаж чадалгүй олон жилийг үдсэний эцэст Засгийн газар, Соёлын яам, сайд нь шинээр цирк барих тухай ярьж эхэлсэн нь эрх хүүхдээ дийлдэггүй эцэг, эхийн араншинг харуулж байна гэлтэй.