Мөрдөн байцаах албаны домог болсон дарга нарын нэг Гавьяат хуульч Пэрэнлэйн Доржпаламын амьдрал тийм ч дардан байгаагүй аж. Олон ноцтой хэрэг илрүүлж байсан тэрбээр нэг л өдөр эрүүгийн хэрэгт гэнэт холбогдож, ял шийтгүүлж ч явав. Хэдэн жил ял эдэлснийх нь дараа Дээд шүүх хэргийг нь авч хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн томилох тогтоол гаргасан байдаг.
170 ГАРУЙ ХҮН ХОЛБОГДСОН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
НАХЯ-ны харьяа Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар (УЦСЕГ)-ын Мөрдөн байцаах газрын орлогч даргын албыг 13 жил хашсан хурандаа П.Доржпалам тухайн үед үйлдэгдэж байсан олон ноцтой хэргийг илрүүлжээ. Энэ тухай НАХЯ-ны Боловсон хүчний газрын дарга, хурандаа С.Цэрэннадмидын гарын үсэгтэй, 1979 оны наймдугаар сарын 30-нд бичсэн ажил байдлын тодорхойлолтод “П.Доржпалам сүүлийн гурван жилд мөрдөн байцаалт явуулсан 4700 гаруй хэрэгт хяналт тавьж, удирдлагаар ханган зааварчилж шийдвэрлэсэн хэргийн 85.3 хувийг хуулийн анхны хугацаанд барагдуулж хохирлын 74.5 хувийг шалгалтын явцад арилгуулаад Мөрдөн байцаах ажилтны III зөвлөгөөний болзлыг биелүүлэх ажлыг сайн зохион байгуулж байгаа чадвартай, зарчимч шаардлагатай шинэ зүйл санаачлан, тэргүүн туршлага нэвтрүүлж ажилладаг офицер тул цаашид дэвшүүлэн ажиллуулах боломжтой” хэмээн бичсэн нь хэтрүүлсэн үнэлэлт, дүгнэлт биш гэдгийг хамт болон түүний удирдлагад ажиллаж байсан өдгөө чөлөөнд буй цагдаагийн цөөнгүй ахмад ажилтан өгүүлж буй юм.
Хурандаа П.Доржпалам ноцтой цөөнгүй хэрэг илрүүлэн шалгасны дотор Монголын түүхэнд олон холбогдогчтойгоороо дээгүүрт орох нэгэн хэрэг бий. Тодруулбал, 1979-1981 онд Толгойт дахь цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэх нэрээр их хөрөнгө завшсан хэрэг гарч. Тухайн үеийн 700 000 төгрөг гэдэг бол маш их мөнгө. Энэ их хэмжээний мөнгийг Алтангэрэл, Очирбат тэргүүтэй хүмүүс завшсан байна. Мөрдөн байцаагчийн шаргуу ажиллагаа, ур чадвараар энэ хэргийг илрүүлэн хариуцлага хүлээлгэжээ. Хэргийн холбогдогч нар цагаач хятадуудтай хуйвалдан Цэвэрлэх байгууламжийн лагийг гараар ухуу лаад, уг мөнгийг завшсан аж. Эл үйлдэлд 173 хүн татагдсан нь тухайн үедээ олон холбогдогчтой эрүүгийн хэрэгт тооцогдож байжээ.
Түүнчлэн 1970 онд Улсын төв музейн фондоос үлэмж хэмжээний үнэ бүхий түүхэн дурсгалт алт, мөнгөн эдлэл хулгайлсан хэрэг гарсныг П.Доржпаламын удирдсан багийнхан илрүүлсэн түүхтэй. Энэ тухай нэгэн дурсамждаа тэрбээр “Музейн фондын тасалгаа гурван давхар байшингийн гурав дахь давхарт байрладаг. Хэргийн газарт үзлэгийг хэдэн цагийн турш нягт нямбай нарийчлан хийж дуусгалаа. Хулгайч музейн гурван давхар байшингийн гадна талаас шатаар дамжин дээврийн хонгилд орж, дээд давхрын модон таазыг фондны өрөөний дээрээс дугуй хэлбэртэй цоолж нэвтэрсэн байв. Тэгэхдээ эхлээд модны өрмөөр ойр ойрхон өрөмдөн цоолж орсон байлаа” хэмээсэн нь бий. Фондын үзмэрээс Богд хааны алтан завьяа аяга, маршал Х.Чойбалсангийн 50 насны ойгоор Засгийн газар, Гандантэгчэнлин хийдээс дурсгасан хоёр алтан аяга, Тоньюкукийн хөшөөний дэргэдээс олдсон хөмөлдөргөний алтан товруу, хударганы алтан хэл, баруун Монголын нэг хошууны мөнгөн тамга зэрэг түүх, соёлын үнэт зүйл алдагдсан аж. Нэлээд их цаг хугацаа зарцуулсны үр дүнд 1971 оны тавдугаар сарын 8-нд хэргийн гол гогцооноос атгаж авчээ. П.Доржпалам хурандаагийн дурсамжид “Музей тоногдсон энэ хэрэгт 60 мянга орчим хүний хурууны хээг шалгаж, гэмгүй олон хүнийг хардаж, сэрдэж байсан нь одоо бодоход нүгэл ч гэмээр юм. Нөгөө талаар бидний ажилд тэгэхээс өөр арга байгаагүй. Эгэл жирийн алт, мөнгөний дархан, наймаачин олон хүн энэ хэргийн хөлд чирэгдэж, зарим нь арга хэмжээ авхуулж, алт, мөнгөө хураалган, одоо цагийн ойлголтоор ихэд хэлмэгдсэн” гэсэн байдаг. Энэ хэргийг музейн ажилчид дотроос фон дын нууцыг мэддэг, мод, төмрийн дархан хүн үйлдсэн байх магадлалтай гэсэн таамаг дэвшүүлсэн нь онож, тус музейн мужаан, 59 настай Гом босүрэн үйлдсэн болохыг хөдөлбөргүй баримтаар тогтоожээ.
1971 оны дөрөвдүгээр сард алт зарах гэж явсан нэг эмэгтэйг цагдаагийнхан ажиглалтад авч судлахад Гомбосүрэнгийн садангийн хүн бөгөөд хэд хэдэн алтан бөгж зарсныг ч тогтоосон байна. Мөрдөн байцаалтын явцад тэр эмэгтэйг цагдан хорьж шалгахад “Гомбосүрэн ахын алт” гэдгийг мэдүүлснээр Төв музейд орсон хулгайчийг илрүүлсэн түүхтэй. Сэжигтэн эхэндээ хэргээ хүлээгээгүй ч хөдөлбөргүй нотлох баримтыг гаргаж ирснээр хулгайлсан эд зүйлээ хаана байгааг хэлж өгчээ. Улмаар Сэлбэ голын гүүрний үерийн далангийн чулуун хавтан доороос хосгүй үнэт эдлэлүүдийг хураан авсан гэдэг.
Хурандаа П.Доржпалам энэ дуулиант хэргийг мөрдөн шалгах явцдаа Бороогийн алтны уурхайн хуучин сууринаас гар аргаар 30 шахам лан алт олборлож ашигласан Чулуунхүү, Довдон нарын хэргийг ч илрүүлсэн аж. Эдгээрээс гадна 1973 онд Толгойтын замд хоёр хүнийг машинаар дайрч хөнөөгөөд хэргийн газраас зугтаж, нуугдсан Жамъянсүрэнгийн, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын дэлгүүрээс 55 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан Дагва, Даваа нарын бүлэг, 1975 онд Эрдэнэт хотод ажиллаж, амьдарч байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүдэд үйлчилдэг дэлгүүрээс 254 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан Чулуунбаатарын зэрэг ноцтой хэргүүдийн эзэн холбогдогчийг тогтоох, эрэн сурвалжлах, мөрдөх шуурхай багуудыг удирдан гэмт этгээдүүдийг илрүүлж, хулгайлж, дээрэмдсэн олон зуун мянган төгрөг, алт мөнгийг хураан авч улсад учирсан хохирлыг арилгуулсан байжээ.
Олон ноцтой хэрэг илрүүлсэн түүнийг төр, засгийн өндөр шагналаар шагнуулахаар хандсан талаар цагдаагийн байгууллагын ахмад ажилтан, дэд хурандаа Т.Баттулгын бичсэн дурсамжид “1981 оны зургадугаар сарын 10-нд Монгол, Зөвлөлтийн онц сэргийлэгч, хүндэт чекист, хурандаа П.Доржпаламд БНМАУ-ын Гавьяат хуульч цол олгуулахаар НАХЯ-ны сайд, хурандаа генерал С.Лувсангомбо, Намын хорооны нарийн бичгийн дарга, хошууч генерал С.Даваахүү, Боловсон хүчний газрын дарга, хурандаа С.Цэрэннадмид нарын гарын үсэгтэй тодорхойлолтод “Урьдчилсан мөрдөн байцаалтын ажлыг удирдан зохион байгуулах ажилд ажиллаж мөрдөн байцаах аппаратыг бэхжүүлэх, ажил үүргийг боловсронгуй болгох, ажлын чанар, үр бүтээлийг дээшлүүлэх талаар идэвх чармайлт гаргаж ирсний үр дүнд өөрийнх нь шууд хариуцсан урьдчилсан мөрдөн байцаалтын ажлын чанар, үр дүн жил тутам ахиж байгаа юм. 1980 онд Мөрдөн байцаах газрын төвийн аппарат 1440 эрүүгийн хэрэгт урьдчилсан мөрдөн байцаалт явуулан ял төлөвлөж, шүүхэд шилжүүлсэн хэргийнхээ 96.7 хувийг анхны ялын төлөвлөгөөгөөр шийдвэрлүүлж, улс нийгэм, ард иргэдэд учруулсан эд материалын хохирлын 86.1 хувийг урьдчилсан мөрдөн байцаалтын явцад нөхөн төлүүлж, ял төлөвлөсөн хэрэгтээ 100 хувь мөрдөн байцаагчийн мэдэгдэл бичсэн нь мөрдөн байцаалтын ажилд чанарын тодорхой ахиц гарсан байна.
П.Доржпалам цагдан сэргийлэх байгууллагын гүйцэтгэх ажил ба мөрдөн байцаах ажилд олон жил ажиллаж практикийн мэдлэг, туршлага хуримтлуулсан, эрүүгийн хэрэг бүрийг үнэн бодитойгоор, түргэн шуурхай шийдвэрлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажилладаг нийгэм, ард иргэдэд ноцтой хохирол учруулсан олон тооны хэргийн гэмт этгээдийг тогтоох шуурхай бүлгүүдийг толгойлон амжилттай зохион байгуулж ирсэн юм. Төв, орон нутагт гарсан ноцтой хэргүүдтэй танилцан оновчтой зөв шийдвэрлэхэд байнга оролцож шийдвэр зөвлөгөө өгдөг, ажлын төлөө бие хайрлалгүй онц идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгааг үнэлж БНМАУ-ын Гавьяат хуульч цолоор шагнуулахаар тодорхойлов” гэснийг тодотгожээ.
ДӨРВӨН САР БИЧИГ, ҮСЭГТ СУРАЛЦСАН ХҮҮ НЭРТЭЙ МӨРДӨН БАЙЦААГЧ БОЛСОН НЬ
Гавьяат хуульч П.Доржпаламын талаар цагдаагийн байгууллагын ахмад ажилтан, дэд хурандаа Т.Баттулга судлан дурсамж бичжээ. Түүнээс эш татъя.
П.Доржпалам 1927 онд Дорнод аймгийн Булган сумын Хавтгай гэдэг газар малчин ард Пэрэнлэйн гурав дахь хүү болон мэндэлсэн аж. Түүнийг зургаан настайд аав нь нас барж, эхийнхээ гар дээр өсөж өндийсөн хүү 12 настайдаа Булган сумынхаа сургуульд дөрвөн сар суралцаж бичиг үсэг гадарлах болсон байна. 16-тайдаа Дотоод яамны Дорнод аймаг дахь хэлтэст галчаар ажилд орж, бичээч болж дэвшээд удирдсан дарга, хамт ажиллагсдынхаа хайр хүндэтгэлийг хүлээж өсөх ирээдүйтэй ажилтан болохоо харуулж чадсаны хүчинд 1947 онд мөн хэлтэст сэргийлэгч болж улмаар хэсгийн төлөөлөгчийн албыг 1951 он хүртэл хашжээ.
1951-1952 онд Дотоод явдлын яамны боловсон хүчний хэлтэст байцаагч, 1952-1954 онд ЗХУ-д Улсыг аюулаас хамгаалах газрын дунд сургуульд суралцаж ирээд 1954-1957 онд Дотоод явдлын яамны Ховд аймаг дахь хэлтэст тасгийн дарга, Цагдан сэргийлэх ангийн дарга, 1957-1963 онд Улсын цагдан сэргийлэх газрын Өмчийн хэлтсийн орлогч даргаар ажилласан байна. Улмаар 1963-1966 онд ЗХУ-д дахин сурч, Дотоод явдлын яамны дээд сургуулийг нь дүүргэж эх орондоо ирээд 1966-1969 онд НАХЯ-ны Дархан хот дахь хэлтсийн дарга, 1969-1983 онд НАХЯ-ны Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын орлогч даргын албыг 13 жил хашсан байгаа юм.
НАХЯ-ны Боловсон хүчний газрын II хэлтсийн дарга, хурандаа Б.Жамъянгийн гарын үсэг, тамгатай 1982 оны зургадугаар 10-нд бичсэн П.Доржпаламын ажил байдлын тодорхойлолтод “Дээд сургууль төгссөнөөс хойш 18 жил ажиллаж байгаа хурандаа П.Доржпалам “Зарим хэргийн газарт үзлэг хийх, протокол бичих зөвлөмж” гарын авлагыг 1980 онд бичилцэж хэвлүүлээд хуулийн суртал нэвтрүүлэг 2000 хүнд долоон удаа хийсэн, зохион байгуулах авьяастай, мөрдөн байцаах ажлын дадлагатай, ажилд дайчин, ажил гүйцэтгэх чадвар сайтай, шинэ залуу ажилтнуудыг ажилд дадлагажуулах, сургах талаар байнга анхаарал халамж тавьдаг, цагдан сэргийлэх байгууллагад удирдах ажил гүйцэтгэх мэдлэг, дадлага, чадвартай ажилтан тул дэвшүүлэх нөөцөд бүртгэлтэй байгаа болно” гэж бичсэн нь бий.
Залуу насандаа энэ хүний удирдлагад олон жил ажилласан мөрдөн байцаагчаас Мөрдөн байцаах газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хурандаа С.Раднаабазар, Мөрдөн байцаах газрын орлогчоор ажиллаж байсан Гавьяат хуульч С.Дамдин, анхны эмэгтэй хэсгийн төлөөлөгч, ахлах мөрдөн байцаагч, хошууч А.Янжмаа тэргүүтэй хүмүүстэй ярилцахад хурандаа П.Доржпаламыг “Эрх зүйн өндөр боловсролтой, хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажлын мэргэжилтэн, сайн зохион байгуулагч, хамт олны хайр хүндэтгэл хүлээсэн ховорхон сэхээтэн байсан.
Ажилтныхаа ажлын ололт амжилтыг соргогоор олж харж урамшуулдаг, алдаа аргасан хүмүүсийнхээ дутагдал дахин давтагдахгүй байхын тулд юу уншиж, ямар арга барилаар ажиллавал зохихыг эцэг хүний байр сууринаас зааж хэлж өгдөг, гоё бичдэг, бичиж боловсруулах чадвар сайтай, хуулийн, цэргийн дарга хүний хэллэгтэй, аливаа асуудлыг шуурхай дайчин шийдвэрлэдэг, тулгамдсан асуудлын гаргалгааг олж чаддаг, хурдан оновчтой сэтгэдэг, хэрэг танилцаж байгаад сандал дээрээ займчаад суудлаа засахдаа л нэг зүйл сэтгэдэг, тэр сэтгэсэн зүйл нь тухайн хэргийн гацаа хүндэрсэн гогцоог тайлах түлхүүр болдог. Ажилтнаа андуу ташаа зэмлэсэн буруугаа хүлээн тухайн хүнээсээ уучлалт гуйдаг, өөрийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг, байгууллагынхаа дотоодын хяналт шалгалтыг үлгэр жишээчээр хэрэгжүүлэн ажилладаг байсны үр дүнд П.Доржпалам даргын үед албан ажлын өрөөнд ууж согтуурах, дэмий сэлгүүцэх, хувцас форм, үс, сахлын зөрчил дутагдал гаргадаг ажилтан байгаагүй. Хурандаа П.Доржпаламтай харилцдаг хууль хяналтын байгууллагын ажилтнууд түүний мэдлэг чадвар, ажил хэрэгч чанар, хэрэг таних, шалгах хууль эрх зүйн хэм хэмжээнд шийдвэрлэж чадаж байгаа арга барилыг бишрэн ярьдаг, хүндэлдэг байсан” хэмээн өгүүлдэг юм.
Цагдан сэргийлэх байгууллага, хэлтэс, албадыг сийрэг ухаантай, эрдэм боловсролтой, хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй олон сайн дарга удирдаж байв. Тухайлбал, БНМАУ-ын гавьяат хуульч, нийслэл хотын хүндэт иргэн хурандаа С.Рэнцэнхорлоо, НАХЯ-ны I орлогч сайд, УЦСЕГ-ын дарга, хошууч генерал С.Бүдрагчаа, Улсын ерөнхий прокурорын орлогч, цэргийн ерөнхий прокурор, Мөрдөн байцаах газрын даргаар ажиллаж байсан, хошууч генерал Б.Даваасамбуу, ЦЕГ-ын дарга, Гавьяат хуульч, хошууч генерал Б.Пүрэв, ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ч.Амарболд, аливаа асуудалд буурьтай ханддаг, түшиг тулахтай дарга, Гавьяат хуульч, хошууч генерал Д.Сандаг-Очир нарыг нэрлэж болно. Тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан хурандаа П.Доржпалам мөрдөн байцаах албаны хэмжээнд түүхэн хүн билээ.
ДАВЖ ЗААЛДАХ ЭРХГҮЙ ТАВАН ЖИЛ ХОРИХ ЯЛ ШИЙТГЭЖ БАЙВ
Мөрдөн байцаах албаны бахархал болсон энэ хүн нэг өдөр эрүүгийн хэрэгт холбогдон хорих ял шийтгүүлсэн байдаг. Цагдан сэргийлэх байгууллагын нэг томоохон албан тушаалтны хүү нь цэргийн албанд татагдах болж, түүнийг цэргээс чөлөөлөхийн тулд эрүүгийн хэрэгт шалгуулж байгаа гэсэн бичиг хийж өгсөн нь хурандаа П.Доржпаламыг хэрэгтэн болгох шалтаг болсон хэмээн дурсах нэг бус хүн бий.
Дэвшүүлэх албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй, Гавьяат хуульч цол олгуулах тодорхойлолттой, Мөрдөн байцаах газрын орлогч даргаар 13 жил идэвх зүтгэлтэй ажилласан хурандаа П.Доржпаламд юу тохиолдон ял эдлэх болов гэдгийг цагдаагийн ахмад ажилтан, дэд хурандаа Т.Баттулга ийнхүү бичжээ.
Түүний дурсамжид “Ажил албаа хэвийн гүйцэтгэж байсан П.Доржпаламын өрөөнд НАХЯ-ны Улсыг аюулаас хамгаалах газрын хэлтсийн дарга, хурандаа цолтой нэгэн, гурван хүнтэй орж ирээд ширээ, шүүгээг нь нэгжин олон таван үггүй авч яван шоронд хорьж. Тухайн үеийн Дээд шүүхийн дарга нь өөрийн биеэр хурал даргалж, давж заалдах эрхгүйгээр таван жил хорих ял өгчээ. Хорих ялыг нь Амгалан дахь түлээ, нүүрсний газарт эдлүүлж байхад хамт ажиллагсад, дотно хүмүүс нь эргэж тойроод байсан тул холдуулж, Хэнтий аймгийн Чандганы сангийн аж ахуйн үтрэмийн манаач болгосон байна. Хар цэргийн албыг хоёр жил “хаасан” П.Доржпалам 1985-1989 он хүртэл гэмт хэрэгтэн болсон шалтаг, шалтгаанаа тодруулахаар холбогдох хууль хяналтын байгууллага, ажиллаж байсан газрынхаа дээд шатны удирдах хүмүүстэй уулзаж, асуудлыг хууль зүйн үүднээс судалж, судлуулсны үр дүнд хэрэгтэн болох үндэслэлгүй байсан нь тогтоогдож цагаатгагдсан юм билээ.
БНМАУ-ын прокурорын орлогч, цэргийн ерөнхий прокурор О.Дагвадорж Сайд нарын зөвлөлийн Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга Б.Пүрэвт хандан 1990 оны наймдугаар сарын 30-ны 20578 тоот бичигт дурдсанаар П.Доржпаламыг Мөрдөн байцаах газрын орлогч даргаар ажиллаж байхад нь 1983 оны зургадугаар сарын 13-нд хуулийн үндэслэлгүй баривчлан мөрдөн байцаалт явуулж, хилсээр ял шийтгэн, хорих газарт ял эдлүүлж хохироон хэлмэгдүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6-2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон тул эд материалын хохирлыг нөхөн олгох, нэр төрийг нь сэргээн тогтоох, мөн 1985 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 1987 оны дөрөвдүгээр сарын 8 хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн олгохоор шийдвэрлэсэн байдаг.
Улсын ерөнхий прокурорын туслах, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, эрх зүйн өргөн мэдлэгтэй хуульч Сүхбаатартай сэтгэл зүтгэлээрээ гар нийлэн ажиллаж байсан хурандаа П.Доржпаламыг ийм байдалд хүргэхэд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 316 дугаар тогтоолын заалт нөлөөлсөн гэдэг боловч бусдын бусармаг үйл ажиллагааны уршгаар ажил амьдралаараа хохирч хэлмэгдсэн аж.
Хоёр жил ял эдэлж, суллагдсан П.Доржпаламын алхаа гишгээ, биеэ авч яваа байдал, яриа хөөрөө, ажил хэрэгч чанарууд нь хэвээрээ улам ухаажиж, хэрсүүжсэнийг хамт ажиллагсад хараад ясны эр хүн ямар ч бэрхшээлд өвдөг сөхөрдөггүй, үзэл бодол нь өөдрөг хэвээрээ байдаг юм байна гэж ярьцгааж байсан гэдэг. Тэрбээр албандаа 1989-1994 он хүртэл үнэнчээр таван жил гаруй хөдөлмөрлөөд чөлөөнд гарч хань, үр хүүхэд, ач, зээ нарынхаа хайр ивээлд жарган тэдэндээ түшиг тулгуур болж байгаад 1999 оны есдүгээр сард насан эцэслэсэн юм.
Цагдаагийн гол ажлыг нугалдаг Улсын мөрдөн байцаах албаны хэмжээнд П.Доржпаламын нэрэмжит шагнал, ажилтнууд, тасаг, хэлтэс, албадаа алдаршуулах арга хэмжээ зохион байгуулдаг болбол албаны ажил өөдрөг, үйл ажиллагаа нь нэр хүндтэй байхад ихээхэн түлхэц болох буй заа. Хурандаа П.Доржпаламаас өөр мөрдөн байцаах албаны ажлыг олон жил чадварлаг зохион байгуулсан дарга өнгөрсөн хугацаанд байсангүй” хэмээн дурсан бичжээ.
П.Доржпаламын талаар Монгол Улсын Гавьяат хуульч, Улсын мөрдөн байцаах газрын дэд даргаар ажиллаж байсан, чөлөөнд байгаа хурандаа С.Дамдин дурсахдаа “Их зарчимч мундаг хүн байлаа. Мөрдөн байцаах албаны бахархал болсон энэ хүнтэй мөр зэрэгцэн ажиллаж, түүнээс олон зүйл суралцсан. Нэг л өдөр эрүүгийн хэрэгт П.Доржпалам гуай холбогдож, ял шийтгүүлэн Амгаланд хоригдож байхад нь бид олон ч удаа эргэж очсон. Нэг ялихгүй зүйлээс болж хэрэгт холбогдсон тухай сонсож байсан юм. Гэм буруугүй болж, суллагдан ажилдаа эргэж орох болоход би Улсын мөрдөн байцаах газрын дэд даргын ажлаа өгч, хэлтсийн дарга болсон түүхтэй” хэмээсэн юм.