“Ковид-19” тусаад эдгэрсэн хүмүүст тромбоз буюу цусны бүлэн үүсэх эрсдэл зургаан сар үргэлжилдэг болохыг Шведийн эрдэмтэд тогтоожээ. Энэ нь ялангуяа, халдварын эхний давалгааны үеийн, хүнд өвдсөн хүмүүст хамаатай гэж BMJ сэтгүүлд бичсэн аж. Судлаачдын үзэж байгаагаар энэ нь вакцинжуулалтын ач холбогдлыг дахин онцолж буй гэнэ. Учир нь вакцин хийлгэсний дараа цусны бүлэгнэх эрсдэл хамаагүй бага байдаг аж. Шведийн судлаачид 2020 оны хоёрдугаар сараас 2021 оны тавдугаар сарын хооронд коронавирусийн халдвар авсан нэг сая гаруй өвчтөний эрүүл мэндийн байдлыг ажиглаж, тэднийг уг өвчний халдвар аваагүй ижил нас, хүйсийн дөрвөн сая хүнийхтэй харьцуулсан байна. Судалгааны явцад доод мөчдийн гүн венийн тромбоз үүсэх эрсдэл гурав, уушгины тромбоз буюу уушгины эмболи зургаа, дотуур цус алдалт, түүний дотор цус харвалт хоёр сар хүртэл үргэлжилдгийг тогтоожээ. Эрдэмтэд “Ковид-19”-ийн дараа тромбоз үүсэх эрсдэлийг ердийн эрсдэлтэй мөн харьцуулсан байна. Ингэхэд тийм өвчтэй 10 мянган хүн тутмын дөрөвт доод мөчдийн гүн венийн тромбоз илэрчээ. Тэгвэл халдвар аваагүй хүмүүсийн дунд энэ үзүүлэлт 10 мянган хүн тутмын нэг гэсэн үзүүлэлт гарсан байна. Тэрчлэн “Ковид-19”-өөр өвчлөөд эдгэрсэн 10 мянган хүн тутмын 17 нь уушгины тромбозтой байсан. Харин уг өвчний халдвар аваагүй хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт 10 мянгад нэгээс бага гэсэн дүн гарчээ.