УДЭТ-ын уран бүтээлчид энэ сард аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, тус театрынхан Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймагт тоглох аж. Ингэхдээ Л.Толстойн “Анна Каренина”, О.Элбэгтөгсийн “Надтай үлдээч” жүжгээ орон нутгийн иргэдэд хүргэх юм байна. “Надтай үлдээч” жүжгийг УДЭТ-ынхан 2019 оноос тоглож буй бөгөөд А.Чингүн найруулж, гол дүрүүдэд Б.Шинэбаяр, Д.Асардарь нар тоглож байв. Долоон үзэгдэлт жүжгийнхээ талаар найруулагч А.Чингүн “Өнөөгийн залуус нэг битгий хэл, нэлээд баг зүүж, дүр эсгэн амьдардаг болчихож. Цахим орчинд гэхэд маш боловсон, сайн хүний дүрд тоглодог. Гэтэл бодит байдалд хүн бүртэй өөр өөрөөр харилцдаг. Албан ажилдаа ч тэр. Хэн нэгэнд дулдуйдаж, өөр нэгнийг дээрэлхэнэ. Яагаад хүн хүнээрээ байж болдоггүй юм бэ. “Надтай үлдээч” энэ тухай өгүүлнэ” гэсэн юм. Тэгвэл “Анна Каренина” жүжгийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулсан бөгөөд уг жүжгийг 2020 оны аравдугаар сараас нийт 60 удаа тоглож, 28 мянга гаруй үзэгчид хүргэжээ. Тус жүжиг ирэх зургадугаар сарын 11-нд болох 16 дахь удаагийн “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын драмын жүжгийн төрөлд найман номинацад нэр дэвшиж буй.
Бэлтгэсэн: А.ХАНГАЙ