АНУ-ын Нууц алба (Дотоодыг аюулаас хамгаалах яамны бүтэц) тус улсын Ерөнхийлөгч Жозеф Байдены хүү, Калифорни муж улсын Малибу хотод амьдардаг Хантер Байденыг хамгаалахын тулд сарын 30 мянган долларын үнэтэй харш түрээсэлдгийг ABC телевиз мэдээлэв. Тэрбээр сүүлийн үед санхүүгийн асуудлаар АНУ-ын хууль тогтоогчид, Прокурорын газартай холбогдох болсон билээ. Нууц албаны ажилтнууд хамгаалалтад байгаа хүмүүсийнхээ оршин суугаа газрын ойролцоо байр түрээсэлдэг аж. Хантер Байден Малибугийн дээд зэрэглэлийн дүүрэгт амьдардаг тул түрээс нь маш өндөр гэнэ.
2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “New York post” сонин Хантер Байдены нууц цахим захидалд үндэслэсэн материалыг нийтэлжээ. Тухайн үед Америкийн удирдагч байсан, Бүгд найрамдах намын гишүүн Дональд Трампад ойр хүмүүс Хантер Байдены эзэмшдэг зөөврийн компьютерын хатуу дискнээс мэдээлэл авсан аж. Сүүлд нь аавынхаа албан тушаалыг бизнесийн салбарт ашиглахыг оролдсоныг уг захидал гэрчилснийг хэвлэлүүд онцолж байв. Энэ мэдээллийг тараахад ОХУ-ыг оролцсон гэж тухайн үед Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Жозеф Байден нотлох баримтгүйгээр мэдэгджээ.
Хантер Байден эцгийнхээ албан тушаалыг ашигласан байж болзошгүй тухай мэдээллийг өнгөрсөн сард Америкийн бусад хэд хэдэн хэвлэл баталсан байна. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчийн хүү Хятад, Украин дахь түншүүдтэйгээ бизнесийн харилцаатай байсныг хэвлэлүүд сонирхож байв. Делавэр муж улсын Прокурорын газар мэдээллүүдийг шалгаж эхэлсэн бөгөөд Конгрессын хэд хэдэн төлөөлөгч Хантерын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэхийг шаарджээ.