Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс санаачлан Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж “Японы зурагт хуудас 30 жилийн дараа” үзэсгэлэнг өөрийн байрандаа нээгээд байна. Уг музей гадаад урлагийн сан хөмрөгтөө 1991 оноос хойш Япон Улсын түүх, урлаг, шашин, үндэсний бахархал, техник, технологийн дэвшил, ер нь хөгжил, цэцэглэлтийг харуулсан 100 гаруй зурагт хуудсыг бүртгэн хадгалж буй аж. Эдгээрээс энэ удаа тус улсын зураач, дизайнеруудын одоогоос 30 жилийн өмнө бүтээсэн реклам чимэглэл, график дизайн, хэвлэлийн технологийн хөгжлийг илтгэсэн зурагт хуудаснуудыг дэлгэжээ. Ташрамд дурдахад, 1991 оны зургадугаар сард Японы соёлын өдрүүдийг түүхэнд анх удаа манай улсад зохион байгуулжээ. Үүнээс хойш тус музей л гэхэд хоёр улсын соёлын харилцаатай холбоотой 11 томоохон арга хэмжээ зохион байгуулсан байна.
Бэлтгэсэн: Р.ЖАРГАЛ