Иргэн У.Болор жил гаруйн өмнө нөхөр болон бага насны хоёр хүүхдийн хамт нэгэн хувийн лабораторид эрдсийн шинжилгээ хийлгэжээ. Гэтэл гэр бүлийнхэн нь бүгд Д аминдэмийн архаг дутагдалтай гэж оношлогдож. Гурван настай хүүхдэдээ өдөр бүр шахам Д уулгадаг байсан ч уг аминдэмийн дутагдалтай хэмээн оношлогдсонд У.Болор ихэд гайхжээ. Хүний бие дэх Д аминдэмийн агууламж цусны шинжилгээгээр 30 нэгжээс доош “заавал” дутагдалтай гэж үздэг байна. Тэгвэл У.Болорын цусан дахь Д-гийн хэмжээ шинжилгээгээр ес, нөхрийнх нь 8.3, гурван настай хүүхдийнх нь 18, том охиных нь 12 гарсан аж. Ингээд тэд харьяа дүүргийнхээ дотрын эмчид хандан, Д аминдэмийн дутагдлаа нөхөхөөр болжээ. Эхнэр, нөхөр хоёул тариа хийлгүүлж, харин хүүхдүүддээ шахмал, тосон гээд төрөл бүрийн Д аминдэм уулгасан гэсэн.
Аливаа аминдэмийн архаг дутагдал нь тийм ч хурдан нөхөгддөггүй аж. Тиймдээ ч У.Болор гэхэд л өнгөрсөн хугацаанд Д-г тариагаар, шахмалаар хэрэглэж байж шинжилгээний үзүүлэлтээ арайхийн 27 болгосон байна. Тэгсэн ч энэ нь хүний биед байх ёстой хамгийн бага хэмжээндээ ч хүрээгүйг тэрбээр хэлэв. Харин хүүхдүүдийнх нь хувьд уг аминдэмийн дутагдал нөхөгдсөнийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулжээ. У.Болор “Манайх дундаж амьдралтай ч нөхөр бид хоёр боломжийнхоо хэрээр хүнс, ногоогоо базааж, хүүхдүүддээ аль болох шим тэжээлтэй хоол бэлдэж өгөхийг эрмэлздэг. Гэтэл хүүхдүүд байсхийгээд л ханиад, томуу хүрч, нөхөр бид хоёр ч амархан ядраад байхаар нь эрдсийн шинжилгээ хийлгэсэн нь тэр. Харьцангуй жимс, ногоо их иддэг бид гэр бүлээрээ аминдэмийн дутагдалтай гэхээр
манайхаас бага орлоготой өрхийн хүүхдүүд яаж амьдардаг бол гэж бодохоор сэтгэл их өвддөг. Ядаж байхад эмийн санд борлуулдаг аминдэмүүдийн үнэ сүүлийн жилүүдэд 2-3 дахин нэмэгд¬ чихсэн” гэж ярилаа. Монголчууд эрдсийн, тэр дундаа хүн амын 90 орчим хувь нь Д аминдэмийн дутагдалтай гэсэн судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-өөс гаргасан. Үүнийг У.Болорын гэр бүлийнхэн ч нэг талаар гэрчилж буй. Хүн амын хоол, тэжээлийн үндэсний V судалгаанд тав хүртэлх насны хүүхдийн 90, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95, эрчүүдийн 82 хувь нь Д болон бусад эрдэс, аминдэмийн дутагдалтай гэж дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нүүдэл¬ чин монголчуудын хоолны соёл, амьдралын хэв маяг, агаар, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал алдагдсан зэрэг нь аминдэмийн дутагдалд орох наад захын шалтгаан болдгийг НЭМҮТ-ийнхөн хэлсэн. Монголчууд бусад улс орныхныг бодоход хоол, хүнсээрээ аминдэмийн дутагдлаа төдийлөн нөхөх боломжгүй аж. Гэтэл монголчуудын өнөөгийн амьдралын түвшнийг харахаар аминдэмийн дутагдлаа нөхөх нь битгий хэл, өдрийн хоолны хэрэгцээгээ арайхийн хангах хэмжээнд амь зогсоож байна. Тогтмол цалин, орлоготой, дундаж амьдралтай иргэд ч аминдэм авахад хүндрэлтэй.
Учир нь коронавирус дэгдсэн өнгөрсөн хоёр жил орч¬ мын хугацаанд монголчуудын өргөн хэрэглэдэг “Омега-3”, А, Д, С, В-гийн төрлийн аминдэмийн үнэ дор хаяж 2-3 дахин нэмэгджээ. Олонх эмийн санд “Омега-3” гэхэд л үйлдвэрлэгч орноосоо хамаараад харилцан адилгүй үнэтэй ч нэг сарын хэрэглээг дунджаар 45-55 мянган төгрөгөөр борлуулж байна. Энэ нь 30 ширхэг гэсэн үг. Гэтэл насанд хүрэгчид уг аминдэмийг багадаа гурван сар ууснаар нэг курс эмчилгээ болдог аж. Мөн 20-25 мянган төгрөгийн үнэтэй байсан Д аминдэм өдгөө 40-45 мянгад хүрчээ. Хүүхдийнх нь 5-10 мянган төгрөгөөр өссөн байна. Бусад ходоодны ашигтай бактери, кальци, иод, төмөр ч ялгаагүй өссөн. Үндсэндээ монголчуудад аминдэм “тансаг хэрэглээ” болжээ. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ “тэнгэрт хадчихсан” эл үед аминдэмийн хэрэгцээгээ нөхөх тухай ярих нь ийн илүүц байж магадгүй. Гэхдээ хүүхэд, хөгшин, залуу гэлтгүй монголчууд нийтээрээ өвчлөмтгий, эрүүл мэндийн үзүүлэлтүүд нь улам л дордсоор буй. Үүний голлох шалтгааны нэг нь аминдэм, эрдсийн дутагдал гэдгийг НЭМҮТ-ийнхөн хэлсэн. Тодруулбал, хүний биед аминдэм, эрдэс дутагдсанаар нэн тэргүүнд дархлаа сулрах, ингэснээр олон төрлийн өвчин, тэр дундаа зүрх, судасны эмгэг, хортой болон хоргүй хавдар тусах, чихрийн шижинд өртөх, ургийн гажиг, ясны хөгжил болон оюун ухаанд нь хүртэл ноцтой нөлөөлдгийг дээрх төвийнхний судалгаанд дурдсан нь бий. Хамгийн хачирхалтай нь, хүн ам нь аминдэм, эрдсийн гүн дутагдалд толгой дараалан өртчихөөд байхад төр, засгийнхан иргэдээ улам л хавчин, боосоор. Монголд өндөр үнээр худалдаж буй А, С, Д зэрэг бусад өргөн хэрэглээний аминдэм гадаадын зах зээлд ёстой л борооны дараах мөөг адил өргөн сонголттой, үнэ өртөг нь туйлын хямд байдгийг манайхан андахгүй. Гэвч тэдгээрийг онлайнаар захиалах ямар ч боломжгүй. Учир нь хилээр оруулахгүй, хууль бус бараа, бүтээгдэхүүн хэмээгээд бүгдийг нь хураах эрх зүйн зохицуулалттай. Тэгвэл бодит байдалд манай эмийн сангуудад 30 ширхгийг нь 45-50 мянган төгрөгөөр борлуулдаг “Омега-3” гэхэд л Европын зах зээлд дунджаар 10-15 мянган төгрөгийн л үнэтэй байх жишээтэй. БНСУ-д амьдардаг ойрын танилаасаа өргөн хэрэглээний аминдэмүүдийн үнэ ханш сонирхтол, “Омега-3”, Д, аминдэм, ходоодны ашигтай бактери, иод, төмөр зэргийг ачааны зардлаа хасаад захиалсан ч 20-30 мянган төгрөг хэмнэхээр байна. Түүнчлэн хойд хөршид хоёр, гуравхан мянган төгрөгөөр зардаг арьсны бэлдмэл Монголд 18-20 мянган төгрөг байдаг гээд бод доо. Чанартай, үнэ өртөг боломжийн эмийн бү¬ тээгдэхүүн, био бэлдмэл захиалах эрх энгийн иргэдэд энэ мэт байхгүй. Харин эм ханган нийлүүлэх цөөн хэдэн монопол байгууллагынхан иргэдийг гадаадаас хүссэн аминдэм, био бэлдмэл, нэмэлт бүтээгдэхүүн авах эрхгүй болгосон гэх. Монголд өдгөө тусгай зөвшөөрөлтэй эм ханган нийлүүлэх 400 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж буйг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний судалгаанаас харах боломжтой. Эм, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж гэхчлэн давхардсан тоогоор 400 орчим байгууллага ийн бүртгэлтэй аж. Эдгээрээс зөвхөн эм ханган нийлүүлдэг том, жижиг 258 аж ахуйн нэгж бий. 2020 онд улсын бүртгэлд 444 нэр, төрлийн эм шинээр оруулж, нийт эм 4511 болжээ. Тэгвэл шинээр бүртгэсэн эмүүдийн 272 нь биологийн нэмэлт бүтээгдэхүүн буюу аминдэм, эрдэс аж. Мөн онд ийм 104 нэрийн бүтээгдэхүүний бүртгэлийг сунгасныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эм зүйн салбарын үзүүлэлтэд дурдсан байна. Гэвч эдгээрээс өөр нарийн тоо, мэдээлэл алга. Эм ханган нийлүүлэх хэчнээн байгууллага хэдэн төрлийн аминдэмийг хэр хэмжээтэй импортолдог нь ч нууц. Улмаар Эмийн агентлаг байгуулах сургаар 2020 оноос хойших эм зүйн салбарын тоон үзүүлэлтүүд “эзэнгүйдэж”, бүртгэл, судалгаа нь ч улам “бүдгэрчээ”. Уг нь 2017 онд Эрүүл мэндийн сайдын А/74 тоот тушаалаар Хүний хоногийн хоол, хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт чанар, аминдэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээг баталсан байдаг. Гэвч үүнийг аль ч шатанд хэрэгжүүлж, хяналгүй өдий хүрсэн. Иргэд дагаж мөрдье гээд ч хүссэн аминдэмээ сонгон хэрэглэх боломжгүй. Цөөн ханган нийлүүлэгчид нь биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг шилж сонгон, улсын бүртгэлд “оруулж, гаргах” дархан эрхтэй. Тэдний үйлдвэрлэгчээс хэд “нугалсан” үнээр иргэд цөөхөн ширхэг аминдэм авахаас өөр сонголтгүй. Ядарсан иргэдээ хэдий болтол ингэж шулж, мөлжих вэ. Хуучин шигээ хэрэглээний ганц, хоёр хайрцаг аминдэм хямд өртгөөр захиалах боломжийг олгох сон.
Бэлтгэсэн: О.Бат-Ундрах