Энэтхэгийн төрийн өмчит нефть боловсруулах “Indian oil corporation” ОХУ-аас “Urals” маркийн гурван сая, Баруун Африкаас хоёр сая баррель нефтийг тавдугаар сард нийлүүлэх тендерээр худалдан авсан тухай “Deccan her¬ald” сонинд бичжээ. “Urals”-ыг нефть, нефтийн бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг Швейцар, Нидерландын “Vitol” компаниас хямд хүргэж өгөх нөхцөлтэйгөөр худалдаж авсан гэнэ. “Indian oil cor¬poration” компани ойрын хугацаанд хоёр ч удаа ийм маркийн нефть худалдан авсан нь энэ болж буй аж. Үүнээс өмнө нь энэ сард мөн адил хэмжээтэйг “Vitol” компаниас худалдаж авсан байна. ОХУ нефть болон бусад түүхий эдээ хямдралтай үнээр, рупи, рублиэр худалдах санал тавьсан тухай хэвлэлд гарсан мэдээлэлд тайлбар өгөхийг хүсэхэд Энэтхэгийн Нефть, байгалийн хийн сайд Хардил Сингх Пури “Одоо Оросын нефтийг худалдан авахаар хэлэлцээ хийж байна” гэж хариулсныг “New Indian express” сонин уламжилжээ. Үүний дараа “Business standard” сонинд мэдээлснээр Энэтхэг улс ОХУ-аас 15 сая баррель нефть импортолж магадгүй аж.
Мөн Оросын тал найрсаг бус улс орнуудад нийлүүлсэн хийн төлбөрийг рублиэр авах шийдвэртэй холбоотой асуудлыг судалж байгаа тухай Японы Сангийн сайд Шюничи Сүзүки парламентын хурлын үеэр мэдэгдэв. Сүүлийн жилүүдэд Япон шингэрүүлсэн байгалийн хийн импортынхоо 8.8 хувийг Оросоос, тэр дундаа Сахалинаас авч байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 23-нд тус улсаас найрсаг бус орнуудад (тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг дэмжигчид) нийлүүлэх хийн төлбөрийг рублиэр авахаа мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан Оросын байгалийн хийг худалдан авагчид дотоодын зах зээлээс нь рубль худалдан авах ажиллагааны журмыг Сангийн яам, Төвбанк нь долоо хоногтоо багтаан гаргах гэнэ. Тус улсын Төвбанкнаас албан ёсоор тогтоосон рублийн ханш нь гадаадад санал болгож буйгаас эрс ялгаатай байдаг аж.