“Уур амьсгалын ногоон сан”-гийн санхүүжилт, БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн оролцоотойгоор Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн нээлт өчигдөр Дорнодод боллоо. Манай улсын хамгийн зүүн захад оршдог эл аймгийн газар нутаг дэд бүтэц дагасан төвлөрөл, малын тоо толгойн өсөлт, байгаль, цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд цөлжилтөд их хэмжээгээр өртсөн. Газар нутгийнх нь 43.3 нь хувь доройтож, хур тунадасны хэмжээ эрс буурсныг мэргэжлийн байгууллагынхан судлан тогтоосон байдаг. Тэгвэл тус аймагт долоон жилийн хугацаанд хэрэгжүүлэх эл төслийн гол зорилго нь цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох чиглэлээр тавьж буй зорилтыг хэрэгжүүлэх, байгалийн нөөцийн зохистой ашиглалт, хамгааллыг уялдуулсан хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг бий болгох, малчдын амьжиргааг дээшлүүлэх юм. Төсөл хэрэгжүүлэх хугацаанд Дорнодын зургаан сумын хөгжлийн, гурван сав газрын менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлах, усны нөөцийн эмзэг байдлыг үнэлэх, Буйр нуур болон түүний цутгал голуудын экосистем, биологийн төрөл зүйлийг судлах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ. Ташрамд дурдахад, дээрх төслийг дөрвөн аймгийн 68 сумд хэрэгжүүлэх бөгөөд 2890 га-д хадлан, бэлчээрийн нөөц газар байгуулах, 2500 га талбайг ойжуулах, 285 худаг гаргах, 88 булгийн эхийг хашиж хамгаалах, малын тэжээлийн 48 агуулах, ус хураах 18 байгууламж барих юм байна.