Монголын урлагийн зөвлөл АНУ дахь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран ХААН банкны гүйцэтгэх захирал болон тус зөвлөлийн дэд тэргүүн асан Питер Морроугийн дурсгалд зориулан “Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдааныг жил бүр зарладаг. Өнөө жилийн уралдааныг зарлаж, уран бүтээлчдийг бүртгэж эхэллээ. Уран зураг, баримал, видео болон медиа арт, гэрэл зураг, хувцас загвар зэрэг дүрслэх урлагийн, хөгжим, бүжиг, жүжиг, кино, цирк тэргүүтэй тайз, дэлгэцийн болон утга зохиолын бүх л төрлөөр туурвидаг уран бүтээлчид энэ уралдаанд оролцох боломжтой. Оролцогчдын материалыг энэ сарын 25-ны дотор arts@artscouncil.mn хаягаар хүлээн авах аж. Мэргэжлийн түвшний уран бүтээлийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь уг тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго юм. Тодруулбал, уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжиж, шинэ санаа, шинэлэг агуулга бүхий орчин үеийн бүтээл туурвихад нь зориулан тэтгэлэг олгодог.
Бэлтгэсэн А.Хангал