Жил бүрийн хоёрдугаар сарын 21-нд тохиодог Олон улсын эх хэлний өдөрт зориулан Чингис хаан музейгээс монгол хэлний хамгийн эртний бичгийн дурсгал болох Хүйс толгойн бичээсийг танилцуулж байна.
1967 онд БНМАУ-ын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Д.Цэнд ахлагчтай баг Булган аймгийн Могод сумын нутаг дахь Хүйс толгой хэмээх газраас үл мэдэгдэх бичээс бүхий гурван хөшөө олжээ. Үүний нэг нь хар саарал өнгийн боржин чулуугаар хийсэн, 154 см өндөр, 41 см өргөн, 15 см зузаан хэмжээтэй, 11 мөр бичээс бүхий хөшөө байв.
1974 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Шинэхүү уг хөшөөний бичээсийг эртний брахми бичиг байх магадлалтай хэмээн таамаглал дэвшүүлэв.
2014 онд ХБНГУ-ын Д.Мауэ нарын эрдэмтэд хөшөөний гурван хэмжээст зураглалыг хийж, брахми үсэг тэмдэглэсэн авиаг бүрэн тайлж уншжээ. Тэгвэл, хэл шинжлэлийн эрдэмтэн Александр Вовин (Interpretation of the Hüis Tolgoi., August 31, 2017) анх Хүйс толгойн бичээсийг эртний монгол хэлээр бичигдсэн болохыг тогтоосон байна.
Мөн эрдэмтэн Л.Хурцбаатар энэхүү бичээсийг тусгайлан судалж “1400 жилийн өмнөх өвөг монгол хэл – Хүйс толгойн бичээс (HT I) судлал” номоо туурвижээ.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 360 дугаар тогтоолоор уг хөшөөг “Түүх соёлын хосгүй үнэт” жагсаалтад бүртгэн авсан юм.
Эрдэмтэн судлаачдын бүтээлүүдээс нэгтгэн дүгнэхэд, энэхүү хэл, бичгийн дурсгал нь МЭ-ий VI-VII зууны Түрэгийн хаант улсын эхэн үеийн хааны тахилгын бичээс бөгөөд өнөөгийн монголчуудын төдийгүй монгол бүлгийн хэлээр хэлэлцэгч ард түмнүүдийн өвөг монгол хэлийг тэмдэглэсэн эртний түүхэн дурсгал юм.
Монгол бүлгийн хэл буюу монгол, могол, монгор, дагуур, зүүн-уйгур, дунсян зэрэг хэлээр хэлэлцэгч угсаатнууд Евразийн өргөн уудам бүс нутагт суурьшин амьдарч байна.