Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж “Хөх сувд-2022” мөсний баярын бэлтгэлтэй танилцлаа. Тэрбээр, мөсний баярыг үзэж сонирхохоор ирэх жуулчид, дотоодын иргэдийг болзошгүй аваарь осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөөврийн ариун цэврийн байгууламж, хогийн цэг, хогийн сав хүртээмжтэй байршуулах чиглэлд зөвлөмж өгсөн юм.
Одоогоор “Хөх сувд-2022" мөсний баярын бэлтгэл 50 хувьтай байгааг орон нутгийн удирдлага хэллээ. Тодруулбал, 10 мянга орчим иргэн, 3000 гаруй машин ирнэ гэж тооцоолоод, нуурын гадна талбайд зогсоол шийджээ. Мөн мөсөн хаалга, тайз, гулгуураас гадна мөсөн урлан арвыг байгуулна. Урлаачдын дунд 12 бүтээлийн уралдаан зарлаж, мөсөн бүтээл хийх бэлдэцийг бэлтгэж байна.
"Хөх сувд" мөсний баярыг ирэх сарын 3,4-нд 20 дахь жилдээ зохион байгуулах юм. Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр аймгийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүхийн санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байв. Дараа жилээс нь энэ баярын хүрээ тэлсээр, аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг ажил болон өргөжжээ.
Мөсний баярын үеэр мөсөн шагай, унадаг дугуй, тэшүүр, буухиа, "Аав, ээж, би" тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарга, морьдын тахтай хатирах уралдаан, мөсөн дээрх олс таталт, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг үйл ажиллагаа тогтмол болдог уламжлалтай.
Мөсний баярыг 2014 онд мөс нимгэн байснаас, 2020, 2021 онд коронавируст цар тахлын улмаас зохион байгуулаагүй аж.