Битүүлэх ёсны учир
Монголчууд бид өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлж ёсолдог заншилтай. Энэ нь саран үл үзэгдэх битүү харанхуй байдаг учраас эл үзэгдлийг “Лавай” хэмээн нэрийддэг. Битүүний өдрийг тусгай зан үйлээр үддэг ёстой. Битүүний өдрийн өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин гэр орныхоо тоос шороог гөвж, эмэгтэйчүүд идээ цагаалгаа бэлдэн эрчүүд хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засдаг.
Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, тавьж сахиуснуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана. Ингээд шинэ сайхан хувцсаа өмсөцгөөн гал, бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг.
"Битүүлэг", "битүүлэх ёс", "битүү хоол" идэх зан заншил нь голдуу мах шүүсэн идээ, бууз, банш, хуушуурыг хэлнэ.
Аав, ээж, ах, дүү, хөвгүүд болон бэргэд дараалан сууцгааж бүгд товч бүсээ бүрэн товчилж малгайгаа өмсөн ёслох ёстой. Ийнхүү гэрийн эзэн намрын нөөцөлсөн айргаа шимэн ууж, нас эрэмбийн дагуу үр хүүхэддээ амсуулдаг.
Битүүний өдөр цээрлэх зан үйл:
- Битүүн бол тэр илийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчлэн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг.
- Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло.
- Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.
- Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг.
- Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийг ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.
- Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бахирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр улс орон амар тайван бус бөлгөө.