УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчидтай цахимаар хурал хийж, үүрэг гүйцэтгэх үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Тусгаарлан ажиглах 14 байранд 30 гаруй алба хаагч баяраар үүрэг гүйцэтгэх аж. Түүнчлэн Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдэгдэл гаргажээ. Үүнд, шинэ жилийн баяр, амралтын үеэр иргэдийг хүний бөөгнөрлөөс зайлсхийж, цахим худалдан авалт хийн "Ковид-19"-өөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг хүссэн байна. Хүний бөөгнөрөл гэхээс илүүтэй хариуцлагагүй ажиллаж байгаа удирдах нэгжүүдээс болж халдвар тархах эрсдэл өндөр байгааг иргэд хэлж буй.
Улсын онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 26-наас эхлэн гадаадаас ирж буй иргэдийг цар тахлын мутаци хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр тусгаарлах байранд гурав хоног тусгаарлахаар болсон. Энэ асуудал эхнээсээ асуудал дагуулж эхлэв. Учир нь иргэдийг зочид буудалд тусгаарлахад 10 гаруй цаг хүлээлгэх, хуваарилсан буудал нь бохир заваан байгаа талаар иргэд гомдоллож байна.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр үүнд дараах хариултыг өглөө.
-Гадаадаас ирж байгаа зорчигч бүр эрсдэлтэй байна. Онгоцны буудал дээр шинжилгээ авахад сөрөг байсан мөртлөө 3-4 хоногийн дараа дахин шинжилгээ өгөхөд эерэг илэрсэн хүмүүс зөөвөрлөгдсөн тохиолдлын 50 хувийг эзэлж байна. Тиймээс гадаадаас ирсэн иргэдийг зайлшгүй тусгаарлах шийдвэр гаргасан. Мөн гадаадаас ирээд, гэртээ тусгаарлагдаад, 3-4 хоногтоо шинжилгээ өгөх хүмүүсийн дөнгөж 30 хувь нь өгсөн. Өөрөөр хэлбэл, үлдсэн 70 хувь нь ирсэн өдрийнхөө маргаашаас эхлээд гадуур явж байна. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд Турк улсаас ирсэн 30 жуулчин, Тайландаас ирсэн 12 жуулчин "Ковид-19"-тэй нь тогтоогдсон гэх хариулт өгч байлаа. Ямартай ч халдварын тархалтын дараагийн оргил үе он гараад болохыг эрдэмтэд, УОК сануулж байгаа билээ.