Монголын орчин цагийн дипломат албаны 110 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам, Монголын дипломатын академи хамтран Чингис хаан, Эзэнт гүрний түүхийн нэг сэдэвт номын “Алтан цуглуулбар-999” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Гадаад харилцааны яамд болов. Энэ онд олон түүхт үйл явдал тохиож байгаагийн нэг нь үл тасрах алтан аргамж хэмээн эзэн Чингисээс уламжлан нэрлэж ирсэн Монголын дипломат алба, түүний үргэлжлэл-орчин цагийн Дипломат алба үүсэж хөгжсөний 110 жилийн ой юм.
Монголчууд бид агуу түүхтэй, түүгээрээ бахархдаг ард түмэн. Тийм ч учраас хилийн чанад дахь өв соёлын дурсгалуудаа судлах, Монголын түүхэнд холбогдох зохиол, бүтээлүүдийг олж цуглуулах явдал манай дипломат албаны анхаарлын төвд байдаг чухал ажлын нэг билээ. Уг төслийн хүрээнд цуглуулж буй ном судар Чингисийн музей, Үндэсний номын сан хөмрөгт төвлөрч судалгаа, шинжилгээний эргэлтэд орно. Эрдэмтэн мэргэд, оюутан залуус, хүссэн хүн бүхэн уншиж судлах бололцоо өргөжихийн хэрээр олон улсын чингис судлалыг эх орондоо төвлөрүүлэн хөгжүүлэх ариун үйлс болно гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уг үзэсгэлэнгийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
Энэхүү ойд зориулан Монголын Дипломатын академийн гишүүд Чингис хаан, Эзэнт гүрний тухай гадаад, дотоодын эрдэмтэн мэргэд, түүхч, судлаачдын туурвисан нэгэн сэдэвт ном зохиолуудыг эрэлхийлэн цуглуулж, эмхлэн хөмрөглөх “Алтан цуглуулбар-999” хэмээх төслийн санаачлан хэрэгжүүлсэн юм. Энэ хүрээнд төрөлх монгол болон олон улсын түгээмэл хэл буюу монгол судлалаар гаршсан улс түмний хэл, өөр бусад хэлээр хэвлэгдэн гарсан 1000 бүтээлийг нэгэн дор цуглуулж, нэрийн хэлхээсийг нь ном зүйн өгүүллүүдээр баяжуулан “Туурайн тамга” нэртэй товхимол болгожээ.
Хилийн чанадад Чингис хаан болон түүний залгамжлагчдын тухай, монголчуудын уг гарвал, угсаа сурвалжийн талаар, хүн төрөлхтөний түүхнээ арилж балрашгүй, арчиж баллашгүй агуу суут ул мөрөө үлдээснийг бичиглэн мөнхөлж, биечлэн уламжилсан эх сурвалж, зохиол бүтээлүүд чамлахааргүй их бий. Манай эрт, эдүгээгийн түүхэнд холбогдох дурсгал, зохиол бүтээлийг олж цуглуулах, орчуулан түгээх, шимтэн судалж, шинжлэх ухааны эргэлтэд баттай оруулах явдал манай Дипломат албаны үе үеийнхний анхаарлын төвд байсаар ирсэн юм.
Хоёр зууны зааг дээр олон улсын чингис судлал эрчимтэй хөгжиж байгаа төдийгүй энэ судлал аажмаар боловч цуцалтгүй эерэгжиж байна. Энэ судлалын үр дүнг бидний монголчууд бүрэн эзэмшихээд зогсохгүй эх орондоо төвлөрүүлэх нь өнөө цагийн шаардлага, үүрэг хариуцлага гэдгийг уг төслийг санаачилсан манай гадаад харилцааны ахмад дмпломатууд онцлон тэмдэглэж байв.