Японы хөлөг онгоц үйлдвэрлэгч “Koa sangyou” компани дэлхийд анх удаа цахилгаанаар ажилладаг, шатахуун тээгч хөлөг онгоц бүтээжээ. “Asahi tanker” компанийн захиалгаар бүтээсэн уг хөлөг онгоцны урт нь 62 метр, газрын тосны бүтээгдэхүүний агуулахын хэмжээ 1.28 мянган шоо метр гэнэ. Нийт 3480 кВт хүчин чадалтай лити-ион батерейгаар тоноглосон байна. 150-180 км замыг туулах чадалтай уг хөлгийг бүрэн цэнэглэхэд 10 орчим цаг зарцуулдаг. Мөн онцгой байдлын үед цахилгаан эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах боломж олгодог системээр тоноглосон гэнэ. Цахилгаан моторын чичиргээ, дуу чимээ нь ердийнхөөс хамаагүй бага бөгөөд энэ нь багийнханд илүү тохь тухтай аж.
“Asahi” хөлөг онгоцыг ирэх оны гуравдугаар сараас Токиогийн булан дахь далай дамнасан том хөлөг онгоцнуудад түлш нийлүүлэхэд ашиглахаар төлөвлөж байна.