НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн албан ёсны бус хуралдааны үеэр Украины Луганск хотын 13 настай Фаина Савенкова охины дүрс бичлэгээр дамжуулан хэлсэн үгийг дамжуулжээ. Түүний хувийн мэдээллийг “Энхийг сахиулагч” цахим хуудас нийтэлж, дуулиан тарьж байсан юм. Уг хуралдааныг Украин, Балтын тэнгисийн орнуудын үндэсний цөөнхтэй холбоотой нөхцөл байдал, тэдгээр улсуудад нацизмыг сурталчилдаг асуудлыг хэлэлцэхээр ОХУ зарласан аж. Үүнд тус зөвлөлийн гишүүд заавал оролцохыг албадаагүй бөгөөд Латви, Эстони, Литва, Украины төрийн бус байгууллагуудын төлөөлөл, идэвхтнүүд оролцжээ.
Охин гурван минутын бичлэгтээ “Энхийг сахиулагч” цахим хуудасны удирдлага болон Украины зарим хэвлэлийнхэн гэр бүлийнхнийг нь хавчин гадуурхаж буй тухай өгүүлсэн байна. “Энэ асуудалд анхаарлаа хандуулах боломж олгосонд талархаж байна. Хэзээ нэгэн цагт хуулиа даган мөрдөх боломжтой болж, Украин аюулгүй улс болж чадна хэмээн найдаж байна” гэж тэрбээр уриалгадаа тайлбарлав.
Фаина Савенковаг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд хандсаных нь дараа “Энхийг сахиулагч” цахим хуудасны Украины үндэсний аюулгүй байдалд заналхийлэгчдийн жагсаалтад оруулжээ. Донбассын хүүхдүүд хүүхэд байх, энхтайван амьдрах эрхтэйг мартахгүй байхыг тэрбээр тус зөвлөлийн гишүүдэд уриалсан аж. Дээрх жагсаалтад охиныг оруулсны дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгчийн газраас мөргөлдөөн болж буй бүс нутгийн хүүхэд, оршин суугчдыг улс төрийн зорилгод ашиглахгүй байхыг уриалсан байна.
Фаина НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешид илгээсэн захидалдаа насанд хүрээгүй хүүхдийн хувийн мэдээллийг яаралтай устгуулж, уг цахим хуудсыг хаахын тулд Украины Засгийн газарт нөлөөлж, тус болохыг хүссэн гэнэ. Захидлын хуулбарыг ЮНИСЕФ буюу НҮБ-ын Хүүхдийн санд илгээсэн аж.