Арваад жилийн өмнө “Арабын хавар”- ын үеэр ливичүүд Газар дундын тэнгисийн тус улсыг 40 гаруй жил удирдсан Муаммар Каддафиг түлхэн унагаж, хороосон билээ. Эл хувьсгал нь гадаадын хөлсний этгээдүүд оролцон иргэний дайн дэгдэхэд хүргэсэн. Өдгөө 10 жилийн дараа тус улс тусгаар тогтнолынхоо сорилтыг давж, түүхэндээ анхны Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах гэж оролдсон нь бүтэлгүйтэв. Энэ нь Ливийн түүхэн дэх Ерөнхийлөгчийн анхны сонгууль болох ёстой байлаа. Гэвч сонгууль товлосон хугацаандаа болсонгүй.
Каддафийн тухай номын зохиолч, Францын харьяат Винсент Ужё сарын өмнө “Ливид ч өвлийн өвгөнд итгэж болох ч арванхоёрдугаар сарын 24-нд сонгууль болох магадлал тун бага” хэмээн анхааруулжээ. Уг сонгууль тус улсын түүхийн хар хуудсыг эргүүлж, эдийн засаг, тогтвортой байдал сэргэх итгэл найдвар төрүүлэх зорилготой байлаа. НҮБ-аас товлосон арванхоёрдугаар сарын 24-нөөс гурав хоногийн өмнө ийм зүйл болохгүй нь тодорхой болов.
“Олон улсын хамтын нийгэмлэг Ливийг тогтвортой улс мэт дүр эсгэж байгаа нь хуурмаг зүйл” гэж Жон Хопкинсийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Хафед аль-Гуэлл хэлжээ. 10 жилийн турш Ливи улс дотоодын мөргөлдөөнөөсөө ангижирсангүй. Газар дундын тэнгисийн тус орны иргэд хоёр хуваагдсан. Бенгази болон Египеттэй хиллэдэг зүүн бүс нутгийг генерал Халифа Хафтар захирдаг. Нийслэл Триполи болон Тунис, Алжиртай хиллэдэг баруун бүс нутгийг НҮБ-аас хүлээн зөвшөөрсөн, Үндэсний эв нэгдлийн Засгийн газар зэрэг янз бүрийн хүчний хяналтад байдаг. Тэдгээр нь бүгд гадаадаас ил, далд дэмжлэг авдаг.
НҮБ-ын тооцоолсноор Ливид Турк, Орос, Сирийн 20 мянга гаруй хөлсний цэрэг өөр өөр талд тулалдаж байна. Зөвхөн Турк л Ливид байгаа гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрч, үүнийгээ НҮБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газрын тэргүүн асан Файез Сарражтай байгуулсан цэргийн хамтын ажиллагааны гэрээтэй холбон тайлбарладаг.
Сонгууль болохоос гурав хоногийн өмнө нэр дэвшигчдийн жагсаалт ч тодорхойгүй байв. Тэдний хэн нь ч сонгуулийн идэвхтэй сурталчилгаа явуулсангүй. Мягмар гарагт Ливийн Сонгуулийн дээд хорооны дарга сонгуулийн хороодыг тараасан бол үүний маргааш парламент нь удаан хүлээсэн сонгуулийг цуцалж, нэг сарын дараа буюу шинэ оны нэгдүгээр сарын 24- нд явуулах санал тавьсан байна. НҮБ болон Өрнөдийн орнууд итгэл найдвар тавьж байгаа сонгууль болбол зөрчилдөөн, шинэ хүчирхийлэл дагуулна гэж шинжээчид анхааруулжээ. “Ардчилсан орнуудад нэг нь ялдаг, бусад нь ялагдлаа хүлээн зөвшөөрдөг томьёолол нь Ливид хэрэгжихгүй” гэж тус улсын шинжээч Вольфрам Лачер мэдэгдэв.
Наад зах нь тус улсад тархай бутархай зэвсэгт бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулж, хүн бүрийн сэтгэлд нийцсэн Үндсэн хууль ч, Сонгуулийн тухай хууль ч байхгүй энэ үед сонгуулийг цуцлах нь эрсдэлтэй.
“Мөргөлдөөн болох нь гарцаагүй” гэж Америкийн “Атлантын зөвлөл” төвийн Ливийн асуудал хариуцсан ахлах ажилтан, шинжээч Эмаддин Бади Триполийн кампанит ажлын талаарх сэтгэгдлээ “New York times” сонинд хуваалцжээ. Өнгөрсөн долоо хоногт Ливийн нийслэлд зэвсэгт бүлэглэлүүд төрийн байгууллагуудыг хяналтдаа авахыг оролдсон нь сонгуульд бэлэн биш байгааг дахин харууллаа.
Газрын тос, байгалийн хийгээр баялаг тус улсад болж буй үйл явдлыг бүс нутгийн хөршүүд болон бусад тивийн сонирхогчид анхааралтай ажиглаж байна. Ливийн баруун хэсэг дэх цэргүүд Турк, Катарын цэрэг, дипломат дэмжлэгийг авсан бол Х.Хафтарт Арабын Нэгдсэн Эмират Улсын баруун нутгийнхан, Египет, Оросын “ЧВК вагнер”-ийн хөлснийхөн, Саудын Араб, Йордан, Франц тусалж буй.
Өнгөрсөн зун Берлинд болсон хэлэлцээний үеэр хандивлагч орнууд нь Ливиэс гадаадын бүх цэрэг, хөлсний этгээдүүдийг гаргах шаардлагатай хэмээн мэдэгдээд, тус улсын анхны Ерөнхийлөгчийн сонгуулийг хямралаас гарах эхний алхам болох ёстой гэж үзэж байв. Гэтэл уг сонгуулийг хойшлуулчихлаа.