Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, шүүхийн шийдвэр боловсруулах, хууль хэрэглэх аргачлал” сэдэвт сургалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг олгох тус сургалтад хамрагдах бөгөөд 2021 оны арванхоёрдугаар сарын 22-23, 12 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах юм. Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг нар нээж, сургалтад амжилт хүслээ.
Сургалтад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа “Шүүхэд мэдүүлэх эрх”, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр “Шүүгч хараат бус байх зарчим”, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа “Шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим”, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг “Диспозитив зарчим” сэдвээр эхний өдөр хичээл заах юм.
Харин сургалтын хоёр дахь өдөр Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл “Мэтгэлцэх зарчим /шүүхэд тайлбар гаргах эрх/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж “Хэргийн оролцогч” сэдвээр тус тус хичээл заана. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа”, Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа “Шүүхийн шийдвэр боловсруулах, хууль хэрэглэх аргачлал” сэдвээр хичээл заана. Сургалтын төгсгөлд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Эрдэнэсувд Д.Цолмон, Г.Банзрагч нар сургалтад хамрагдсан шүүгчидтэй хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэн хэвшүүлэх, хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад анхаарах асуудлын талаар туршлага солилцох уулзалт хийнэ.