Мьянмарын цэргийнхэн өнгөрсөн зун удаа дараа тосгодын оршин суугчдыг бөөнөөр нь хөнөөсөн хэргийг ВВС-гийн сэтгүүлчид мөрдөн шалгах явцдаа илрүүлжээ. Амь эрсэдсэн жирийн иргэний тоо 40-д хүрсэн байна.
Гэрчүүдийн ярьснаар цэргийнхэн тосгоныг бүсэлж, эрэгтэй оршин суугчдыг ялгаад, буудсан гэнэ. Хэргийн газраас авсан дүрс бичлэг болон гэрэл зургуудаас үзэхэд хохирогчдын олонхыг амьсгал хураахын өмнө эрүүдэн шүүж, дараа нь нүхэнд булжээ. Сөрөг хүчний түшиц газар гэгддэг, засаг захиргааны Сикайн тойргийн Кани дүүрэгт долдугаар сард уг хэргийг үйлдсэн аж. Энэ нь өнгөрсөн хоёрдугаар сард болсон цэргийн эргэлтийн дараа ардчиллыг сэргээхийг шаардсан, хагас цэрэгжсэн бүлэглэлийнхний дайралтуудын хариу бололтой. Цэргийнхэн иргэдэд халдаагүй хэмээн, үйлдсэн хэргээ эрс няцааж байна.
Ардчилсан замаар сонгосон Аун Сан Су Чигийн Засгийн газрыг түлхэн унагасныхаа дараа цэргийнхэн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. BBC-гийн сурвалжлагчид Канигийн хэргийн 11 гэрчээс ярилцлага авч, Мьянмар дахь хүний эрхийн зөрчлийг мөрдөн шалгадаг, Британид төвтэй “Myanmar witness” төрийн бус байгууллагын цуглуулсан видео, гэрэл зурагтай харьцуулжээ. Хамгийн олон хүнийг хөнөөсөн хэрэг Инь тосгонд болсон бөгөөд тэнд наанадаж 14 хүнийг тамлан хөнөөгөөд, цогцсыг нь ойн жалга руу хаясан байна. Аюулгүй байдлын үүднээс нэрийг нь нууцалсан гэрчүүдийн хэлснээр тосгоны тэдгээр иргэнийг амьсгал хураахын өмнө хүлж, зодсон гэнэ. Харуулж байгаад эрчүүдийг нь тарчлаан, ойр дотнынхон нь байгаа бол салах ёс гүйтцэтгэ хэмээн цэргийнхэн хэлж байсныг нэг эмэгтэй дурсжээ. “Зарим нь 17-18 настай болов уу гэмээр залуухан цэргүүд тосгоныхныг өдөржин чулуу, бууны бөгсөөр цохиж, зоддог байсан” гэж зугтаж чадсан нэг эр мэдүүлсэн аж.
Хөрш Зи Бин Дуин тосгонд долдугаар сарын эцсээр үйлдсэн хэргийн ул мөр болсон булшинд 12 цогцос, тэдгээрийн дотор хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн байжээ. Заримынх нь цогцсыг зэрэмдэглэсэн байсан гэнэ. Мөн эрүү шүүлтийн илэрхий ул мөр бүхий настай эрэгтэйн цогцос модонд хүлээтэй байв. Талийгаачийн гэр бүлийнхний өгүүлснээр түүний хүү болон ач цэргийнхнийг тосгон руу орж ирэхэд зугтаж, 60 настай эр өөрийг нь хөгшин гээд тоохгүй байх хэмээгээд үлдсэн байжээ.
Бөөнөөр нь хороосон хэргийн өмнөхөн “Ардын хамгаалалтын хүчин” бүрэлдэхүүнд багтдаг, нутгийн зэвсэгт бүлэглэлийнхэн болон цэргийнхэн хоорондын мөргөлдөөн илэрхий олширсон байв. ВВС-гийнхний цуглуулсан баримтуудаас үзвэл зөвхөн эрэгтэйчүүд цэргийнхний бай болжээ. Төрийн эргэлтийн дараа гадаадын сэтгүүлчдийг Мьянмарт ажиллахыг хориглож, хувийн мэдээллийн хэрэгслүүдийн олонхыг хааснаас үйл явдлыг газар дээрээс нь сурвалжлах боломжгүйд хүрсэн аж. ВВС-гийнхэн цуглуулсан баримтуудаа Мьянмарын Мэдээллийн дэд сайд бөгөөд цэргийн байгууллагын хэвлэлийн нарийн бичгийн дарга, генерал Зо Мин Тунд үзүүлэхэд тэдгээрийг няцаагаагүй төдийгүй “Ийм зүйл болж л байдаг. Тэд дайсан шиг ханддаг учир бид өөрсдийгөө хамгаалах эрхтэй” хэмээжээ. Тус улсад хүний эрх зөрчиж буй хэргийг одоо НҮБ-ын төлөөлөгчид шалгаж буй аж.