Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт ирэх оны нэгдүгээр сард Швейцарын Давос хотод болох байсныг коронавирусийн омикрон хэлбэрийн тархалттай холбоотой тодорхойгүй байдлын улмаас ирэх зун хүртэл хойшлууллаа.
Үүний оронд тус уулзалтад оролцогчид хамгийн тулгамдсан асуудлуудаа шийдэх арга зам олохын тулд олон улсын удирдагчид цахимаар чуулдаг “Дэлхийн төлөв байдал” уулзалтад нэгдэхийг зохион байгуулагчид нь хэлэв.
Давос бол дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулдаг уламжлалт газар. Швейцарын үзэсгэлэнт уул нуруу, цанын баазуудаараа алдартай жижиг хотод жил бүр олон улсын 2500 орчим зочин, төлөөлөгч чуулж, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн шийддэг. Эл арга хэмжээ тус улсаас өөр газар ганцхан удаа болсон. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагатай холбогдуулан АНУ-тай эв санаа нэг гэдгээ илэрхийлэн 2002 онд тус уулзалтыг Нью-Йорк хотод зохион байгуулсан.
Давосын 51 дэх удаагийн чуулга уулзалт ирэх сарын 17-21-нд болох ёстой байсан юм. Сингапурт болох байсан өмнөх уулзалтыг коронавирусийн цар тахлын улмаас цуцалсан билээ. Анх 1971 онд Давосын эдийн засгийн уулзалтад 450 орчим төлөөлөгч оролцож байсан бол өдгөө дэлхий нийтийг хамарсан томоохон чуулган болжээ.