Монгол Улсын Засгийн Газраас “Нийтийн мэдээллийн хууль”, “Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль”, “Цахим гарын үсгийн тухай хууль”, “Кибер аюулгүй байдлын тухай хууль”, мөн “Виртуаль хөрөнгө оруулалт үзүүлэгчийн тухай хууль”-ийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ талаарх мэдээллийг Улсын хурлын гишүүн, Инноваци цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Дээрх хуулийн төслүүдийг миний бие ахалж, есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, батлаад байна.
Засгийн Газраас мэдээлэл авах эрхийг “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” хуулиар нийт 67 багц мэдээллийг олон нийтэд нээлттэй болголоо. Мөн энэ хуулиар хязгаартай мэдээлэл, хаалттай мэдээлэлд ямар мэдээллийг оруулах вэ гэдгийг тодорхой болгосон юм.
Мөн өнгөрсөн хугацаанд цахимаар үйлчилгээ авахад цаасан баримт бичиг шаарддаг байсныг зогсоож, цахим баримт бичгийг эрхзүйн баримт бичигт тооцдог болгов.
“Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийг шинэчлэн найруулж баталлаа. Нийгэмд иргэдийг ялгаварлах байдал бий болгож байгаа дуу дүрс, бичлэгийн төхөөрөмжүүдийг байршуулах стандартуудыг тодорхой болгох, энэхүү дуу дүрсний бичлэгүүдийг ХЭҮК-ийн саналын дагуу холбогдох байгууллага нь журам гаргаж тэр журмын дагуу байгууллага хэрэглэх, хаана дуу дүрсний бичлэгийг байршуулахыг хуульчиллаа. Хуулийн гол агуулга нь өмнө нь хувь хүн өөрөө мэдээлэлийг хамгаалдаг байсан бол хувь хүний мэдээллийг цуглуулж ашиглаж байгаа бол тэр мэдээлэл хариуцагч тал мэдээллийг аюулгүй байдлын бүрэн бүтэн байдлыг хариуцдаг ийм хуулийн агуулга сууж өгч байна.
Мөн хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүний эмзэг мэдээлэл, хувийн мэдээллийг ангилж, хувь хүний нууцад хамааруулсан.
Сэтгүүлчдийн зүгээс иргэдэд ил байх ёстой мэдээллийг тамга дардасны дор нуун дарагдуулж байна гэж гомдол гаргадаг. Нийтийн мэдээллийн тухай хуулиар энэ нууцлаад байсан 67 төрлийн мэдээллийг ил болгож байгаа. Ажил олгогчийн зүгээс төрийн байгууллагын зүгээс бусад байгууллагуудын зүгээс хэрвээ аливаа хуулийн этгээд хүний мэдээллийг цуглуулж ашиглаж байгаа бол тухайн мэдээлэл хариуцагч хариуцлага хүлээдэг эрх зүйн орчин бүрдэж байна.
Мөн “Цахим гарын үсгийн тухай хууль”-ийг баталлаа. Энэ хууль бол “E-MONGOLIA”-аар хэрэгжиж байгаа төрийн 600 гаруй үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай явуулах, өөрийгөө таньж мэдэх, баталгаажуулах шийдэл болсон. Өнгөрсөн хугацаанд “Цахим гарын үсгийн тухай хууль”-ийг бид хэрэгжүүлж байсан хэдий ч хувийн байгууллагуудаар дамжуулаад энэ цахим гарын үсгийг олгож байсан нь одоогийн байдлаар 30 гаруй мянгад хүрсэн. Энэ бол маш хангалтгүй тоо. Тэгэхээр иргэн болгонд үүнийг нэвтрүүлж өгөх нь маш чухал. Цахим гарын үсгийн тухай хууль батлагдснаар улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах боломжтой гэж үзэж байгаа” гэлээ.