Бүгд Найрамдах Кипр Улс (БНКУ)-д суурьшсан, Вьетнамын 258 иргэнийг эх орон руу нь буцаажээ. Тэдний 216-г нутаг буцаах шийдвэр, тэр дундаа наймыг нь баривчлаад, албадан гаргах тогтоолтой бол үлдсэн 42 нь сайн дураар явсныг Киприйн цагдаагийнхан мэдээлсэн байна.
Сүүлийн саруудад Европын Холбооны хил дээр оршдог Кипр рүү хууль бус цагаачдын урсгал улам бүр эрчимжиж буй. Тэдний дийлэнх нь Туркийн боомтуудаас завиар дамжин тус аралд хүрч, мөн Киприйн хойд талаас Грекийн өмнөд нутаг руу нэвтэрдэг. Энэ нь БНКУ-ын Дотоод хэргийн яамны хувьд маш том асуудал болж, Европын Холбооны бусад орон руу цагаачдыг гаргах, эсвэл тэднийг эх оронд нь буцаах асуудлыг шийдвэрлэхэд туслахыг Брюссельд хүсэх шалтгаан болж байна.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Киприйн парламентын хэсэг гишүүн Никосиа хотоос баруун тийш 20 орчим км зайд оршдог, цагаачдыг түр саатуулах “Пурнара” төвийн байдалтай танилцжээ. Хууль бус цагаачдыг байлгах нөхцөл нь үнэхээр хүнд бөгөөд ердөө 600 хүн хүлээн авах зориулалттай ч тус төвд өдгөө 2500 цагаач байрлаж буй.
Эх орон руугаа сайн дураар буцахаар шийдсэн цагаачдыг дэмжих хөтөлбөрийг Кипр хэрэгжүүлээд нэг жил гаруй хугацаа өнгөрчээ. Тодруулбал, тийм шийдвэр гаргасан хүнд бэлнээр 500-1500 евро, онгоцны тасалбарын хамт өгч байна.
БНКУ болон Европын Холбооны хамтарсан эл төслийг тус холбооны Цагаачдыг дэмжих сангаас зарим талаар санхүүжүүлдэг. Киприйн Цагаачлалын газраас мэдээлснээр Гүрж рүү буцсан хүмүүст 500, эх орон руугаа явах Египет, Марокко, Пакистан, Алжир, Монгол, Шри-Ланка, Вьетнам, Бангладеш, Тунис, Энэтхэг, Балба, Филиппиний иргэдэд 1000, Гамби, Нигери, Сомали, Гана, Сенегал, Конго, Кени, Того, Сьерра-Леоне, Бенин, Камерун, Сирийн харьяатуудад 1500 евро өгдөг аж.
Хэрэв цагаач гэр бүл Кипрээс гарахаар шийдсэн бол өргөдөл гаргагч нь дээрх мөнгийг бүтнээр, наснаас үл хамааран гэр бүлийн бусад гишүүн тус бүр 50 хувийг авдаг. Жишээлбэл, Гүрж рүү буцахаар шийдсэн дөрвөн ам бүлтэй гэр бүлд 1250 евро буюу эцэг, эхийн аль нэгэнд нь 500 евро, гэр бүлийн бусад гурван гишүүнд 750 евро олгоно. Сири рүү буцах дөрвөн ам бүлтэй гэр бүлд 3750 евро олгодог гэнэ. Үүний сацуу цагаачдад нисэх онгоцны тасалбар авч өгөхөөс гадна нутаг буцахад нь тусалдаг. Тодруулбал, коронавирусийн шинжилгээ үнэ төлбөргүй хийж өгч байна. Бэлэн мөнгийг онгоцонд суусных нь дараа өгдөг аж.