Монголын Хуульчдын Холбоо нь АНУ-ын Төрийн департментын санхүүжилтээр Азийн сантай хамтран 2019 оноос эхлэн “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Тус төслийн хэрэгжилттэй холбоотойгоор Лаосын Хуульчдын холбоотой туршлага солилцох цахим уулзалтыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар Лаосын Хуульчдын холбоо нь Азийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа тус төсөлтэй холбоотойгоор Монголын Хуульчдын холбооны сайн туршлага, ололт, амжилт, үр дүнгийн талаар туршлага солилцсон юм.
Энэхүү цахим уулзалт-хуралд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Улсын Дээд шүүхийн шүүгч, МХХ-ны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүн Г.Банзрагч болон Лаосын Хуульчдын холбооны дэд ерөнхийлөгч Нива Сомсенгди, Зөвлөлийн ахлах гишүүн Ламгинен Хацаванг, Хяналтын хэлтсийн дарга Виенсаван Пантали, Хяналтын хэлтсийн дэд дарга Виласая Хонвилай, Хууль зүйн туслалцааны хэлтсийн дарга Кампой Сисомфон, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн менежер Г.Гантулга болон Азийн сангийн Лаос дахь суурин төлөөлөгчийн газрын төслийн ажилтнууд оролцсон юм.
Уулзалт-хурлыг нээж Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Лаосын Хуульчдын холбооны дэд ерөнхийлөгч Нива Сомсенгди нар үг хэлж, хоёр байгууллагын үйл ажиллагааны талаар товч танилцуулсан. Мөн Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс Монголын Хуульчдын Холбоо болон Азийн сангийн төслийн хүрээнд хийсэн ажлуудын талаар танилцуулж, төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар туршлага хуваалцлаа.