УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар арваннэгдүгээр сарын 22-нд Үндсэн хуулийн цэцэд хандах болсноо мэдэгдсэн. Тодорхой хэлбэл, тэд УИХ-д МАН-аас сонгогдсон "давхар дээл"-тэй хүн олон байна, Шүүхийн ерөнхий зөвлөлийн томилгоо ч хууль зөрчсөн. Үүний улмаас Үндсэн хуулийг биелүүлэх боломжгүй боллоо. Тиймээс бид Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргана хэмээсэн. Үндсэн хуулийн цэц тэдний гомдлыг хүлээн авч маргаан үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц уг асуудлаар маргаан үүсгэж, Үндсэн хууль зөрчсөн, эсэх асуудлыг хянан хэлэлцэж, шийдвэр гаргах аж.
2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын дөрвөн гишүүнийг УИХ-ын гишүүдээс сонгох буюу "давхар дээл"-тэй байж болно гэсэн заалтыг тусгасан. Өдгөө эл заалтыг баримтлан Ерөнхий сайд болон УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашиж буй.
Энэхүү заалт болон ШЕЗ-ийн томилгоо Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Т.Доржханд, Ш.Адьшаа, хуульч Д.Үүрцайх нар Цэцэд хандсан аж.