Баян-Өлгийн аймгийн Алтанцөгц сумын “Хагт” уулын хадны оршуулганд авран хамгаалах малтлага, судалгааг хийж хүн дүрст эсгийн онго илрүүлсэн талаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс мэдээллээ. Тодруулбал,
Хүний дүрст эсгий онго нь хүний толгой, хөл, гарыг тодорхой гаргаж дүрсэлсэн бөгөөд ташаа өргөнтэй эмэгтэй хүнийг төлөөлүүлэн хийсэн бололтой. Эсгийг хүний хэлбэрт оруулан исгэж хоёр давхарлан оёж хийсэн, онгоны гадна ирмэгээр бүтэн тойруулан оёжээ. Нэг талын гарны үзүүрт гурван нарийн дээсийг хооронд нь эрчилж хийсэн унжлага байх ба үүнийг анх хийхдээ хоёр эсгийний голд оруулан оёж гарны үзүүрт илүү гарган унжуулжээ.
Хоёр хөлийг өсгийгөөр нь нийлүүлэн өлмийг гадагш харуулан дүрсэлжээ. Онгоны толгойн нүүрэн хэсгийн хоёр захдуу газар хар өнгийн жижиг чулуун сувсыг утсаар сүвлэн нэвт хатгаж тогтоосон ба утасны үзүүрийг ар талд нь нийлүүлэн зангиджээ. Энэ нь нүдийг төлөөлүүлсэн бололтой. Онгоны өндөр 24.2 см. Онгоны дээр хувцас бололтой зүймэл даавууны тасархай болон дээр нь бүтээн тавьсан гурвалжин эсгий тавьжээ. Судлаачид хадны оршуулгыг дагалдуулан тавьсан эд өлгийн зүйлс дээр тулгуурлан урьдчилсан байдлаар XII-XIII зууны үед хамруулан авч үзжээ. Одоогоор эсгий онго ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна.