Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газраас нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын сургуульд "Шударга ёсны клуб”-ийн сүлжээг үүсгэн байгуулах эхлэлийг тавилаа. Тухайлбал, Нийслэлийн 84 дүгээр сургуульд "Шударга ёсны клуб" нээлээ. Нээлтийн үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн "АТГ зөвхөн төрийн албан хаагчдад, тэдний ёс зүйн асуудлыг дээшлүүлэх чиглэлээр ажиллахаас гадна залуучууд, хүүхдүүдийнхээ ирээдүйн зөв хүн болох, шударга ёсны үзлийг үнэт зүйлээ болгох зан суртахууны эхлэлийг тавихад дэмжлэг үзүүлэхээр байгууллагын стратеги, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусган ажиллаж буй. Өнөөдрийн сурагч ирээдүйн төр, хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч болно. Хүүхдүүдэд суурь мэдлэг олгох үндсэн хичээлээс гадна шударга ёсны хүмүүжил, боловсрол олгох тусгайлсан хичээл орох шаардлага бий. Иймд АТГ-аас нийслэлийн зургаан дүүргийн сургуульд "Шударга ёсны клуб" байгууллаа. Энэ танхимд хүүхдүүд хичээлийн бусад цагаар шударга зан үйл, ёс зүйн төлөвшил хүмүүжилд суралцах, бусадтайгаа ярилцах боломжтой юм. АТГ-аас Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтраад Улаанбаатар хотын 8-10 дугаар ангийн бүх хүүхдүүдэд хичээл заах багш нарыг сурган бэлтгэж эхэлсэн" гэв. Авлигатай тэмцэх газраас шударга ёсны танхим, клубийг цаашид улсын бүх ерөнхий боловсролын сургуульд байгуулахаар төлөвлөж байгаа аж.