"Хүний эрхийн үндэсний форум-2021"-д Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр "Хүний эрх ба шүүх эрх мэдэл" сэдвээр илтгэл танилцууллаа.
Тэрбээр баривчлах цагдан хорих шалгуурыг нэг зэрэглэлээр бууруулахад эрүү шүүлт болж хувирах магадлал гурав дахин өсдөг. Эрүүл мэнд, бие махбодь, сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх аргачлалыг шинэчлэн хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг онцлов. Үргэлжлүүлэн "Сүүлийн үед шүүхийн шийдвэрийн биелэлтийн хувь хэмжээ санаа зовоож байна. Эрүүгийн хэргийн шүүхийн тогтоол шийдвэр биелэлтийн түвшин харьцангуй хүлээн зөвшөөрөгдөхүйц байхад Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийн хувь хэмжээ хангалтгүй, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийнх маш хангалтгүй гарсан.
Шүүхийн шийдвэр, үндэслэл нь цаасан дээр байдаг бол биелэлт хэрэгжилт нь хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд тусдаг. Шүүх шударга ёсыг тогтоосон ч энэ нь биеллээ олохгүй бол зөвхөн цаасан дээр үлдэж, шүүгчийн нөр их хөдөлмөрөөр тогтохгүй, хууль сахиулагч, прокурорын хичээл зүтгэл бүгд талаар болно" гэлээ.
Мөн шүүхийг тойргийн болон дагналтын зарчмын зохистой тэнцвэрээр байгуулах нь иргэдэд шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх, хүний нөөцөө зөв удирдах үндсэн нөхцөлийн нэг мөн" хэмээн дурдлаа.
Үүний зэрэгцээ шүүгч Ч.Хосбаяр гэмт хэргийн улмаас эрх нь хөндөгдсөн хохирогчийн эрхийг нөхөн сэргээх тогтолцоог цогцоор нь бүрдүүлэх ёстойг хэлсэн.
Тодруулбал "Хохирогчийн сэтгэл санаа, бие махбод, эрүүл мэндийн хохирлыг барагдуулах арга механизмыг судалж, өөрийн улс орны нөхцөл байдалд тохирсон хохирлыг тогтоох арга зүй, хохирогчид үйлчлэх үйлчилгээ, нийгмийн халамж дэмжлэг, туслалцаа, хохирлыг барагдуулах санг багтаасан хохирогчийн эрхийн хамгаалах тогтолцоог бүрдүүлж, гэмт хэргээр хөндөгдсөн эрхийг нөхөн сэргээх тогтолцоог цогцоор нь бүрдүүлэхэд шүүх идэвхтэй оролцоно.
Юуны өмнө, эдийн бус хохирол, бие эрхтэн, амь насны үнэлгээг тогтоох аргачлал, арга зүйг боловсруулж, шүүхэд мөрдүүлэх арга хэмжээ авна. Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний оршуулгын зардлыг төлснөөр, эд эрхтнээсээ хагацсан иргэнд протезын төлбөр гаргуулснаар хүний амь нас, эд эрхтний нөхөн төлбөр дуусаж, гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсанд тооцсоор байх нь шударга ёсонд яавч нийцэхгүй" гэв.