Монголын Үндэсний музей Монгол Улсын түүх, соёлын өвөөс хойч үедээ сурталчлах, танин мэдүүлэх, уламжлуулах чиг үүргийнхээ дагуу, цуглуулагч Б.Амарсанаатай хамтран “Монгол төрийн соёмбо” үзэсгэлэнг өнөөдөр нээв.
Үзэсгэлэнд Б.Амарсанаагийн цуглуулганд буй 1000 бурханы тамга, Өндөр Гэгээний шүтээн зураг, Өндөр Гэгээний өлзийт зургаан үсэг, МУ-н Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулсан Шамбалын ерөөл хэмээх модон ном, Азарын цамын баг зэрэг ховор дурсгалд тооцогдох эд өлөг, мөн Монголын үндэсний музейн дундад зуун болон тугны сан хөмрөгт хадгалагдах эртний төрт улсуудын үеэс уламжлагдсан “Нар саран” бэлгэдэлт дүрс, Хүслийг хангагч Норов эрдэнэ, МУ-н хаан Жавзандамба хутагтын ёслолын хүрэм, Богдод өргөсөн “Сүх”, Монгол улсын төрийн далбаа, Алтан соёмбот морин хуур зэрэг нийт 100 гаруй үзмэр эд өлгийг дэлгэжээ.
“Монгол төрийн соёмбо” тусгай үзэсгэлэн нь энэ сарыг дуустал Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх аж.