Хэвлэлийн магнат Жимми Лай болон сөрөг хүчний өөр хоёр хүнийг Тяньаньмэний талбайд болсон үйл явдлын ойг тохиолдуулан “Виктория” цэцэрлэгт хүрээлэнд 2020 оны зургадугаар сарын 4-нд хууль бусаар зохион байгуулсан ажиллагаанд оролцсон гэм буруутай гэж Хонконгийн шүүх үзсэнийг “South China morning post” сонин уламжлав.
Зөвшөөрөлгүй жагсаал, цуглаанд оролцсонтой холбоотой бусад хэргээр 14 сарын ял эдэлж байгаа бизнесмэнийг хорих хугацааг дээрх үндэслэлээр нэмж болзошгүй. Бээжингийн санаачилгаар өнгөрсөн оны зургадугаар сарын 30-нд баталсан, Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн хэрэгт тэрбээр мөн холбоотой. Өдгөө 74 настай Жимми Лай БНХАУ-ын засаг захиргааны тусгай тус бүс нутагт 2019 оны зун болсон, Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал, цуглааны гол зохион байгуулагчдын нэгд тооцогддог. Тэрбээр эсэргүүцлийн хөдөлгөөнийг санхүүгээр дэмждэг, АНУ-ын улс төрийн элитүүдтэй холбоотой, Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалагч гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоосон гэнэ. Эдгээр хэрэгт нь түүнд бүх насаар нь хорих ял оноож болзошгүй. Ж.Лайгийн, сөрөг хүчний “Пинго жибао” (Apple Daily) сонин өнгөрсөн зургадугаар сараас хэвлэгдэхээ больжээ. Цагдаагийнхан үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэргээр мөрдөн шалгалт явуулахдаа тус сонины хөрөнгийг битүүмжилсэн аж.
Үүний сацуу Хятадын эрх баригчид сэтгүүлчдэд байнгын дарамт шахалт, дарамт, заналхийлэл, хяналт, хязгаарлалтын хар дарсан зүүдний нөхцөл бүрдүүлжээ гэж “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага дүгнэсэн байна. БНХАУ-ын сэтгүүлчдийн ажиллаж, амьдрах нөхцөлийг судалсан тухай тайлангаа тус байгууллага нийтлэв. Уг баримт бичигт тэмдэглэснээр БНХАУ-д буй болсон нөхцөлд мэдээлэл олж авах нь том гэмт хэрэгт тооцогдох аж. Чөлөөт хэвлэлтэй холбоотой тус улсын өнөөгийн байдлыг уг тайланд Маогийн үетэй харьцуулж болохоор байгааг онцолсон байна.
Тайлангаас үзвэл Хятадын сэтгүүлчид Коммунист намын амны хаалт болохоос өөр аргагүйд хүрчээ. Тэд бүгд ухаалаг хэрэгслүүддээ “Си Зиньпиний бүтээлийг судалж, улс орноо хүчирхэгжүүл” программыг татаж авах үүрэгтэй. Мөн сурвалжлах эрхийн үнэмлэхээ сунгахын тулд тэд Си Зиньпиний хөдөлмөр, бүтээлийн талаарх 90 цагийн сургалтад хамрагдах ёстой.
Өдгөө Хятадад 127 сэтгүүлч шоронд хоригдож байна. Гадаадын сэтгүүлчдийг айлган сүрдүүлж, мөрдөн мөшгөдөг бөгөөд 2020 онд тэдний 18 нь Хятадаас явахаас өөр аргагүйд хүрчээ. Шинжаан-Уйгурын өөртөө засах орны эсрэг мэдээллийн хаалт үйлчилдэг бөгөөд одоогийн байдлаар 71 уйгур сэтгүүлч хоригдож байна. Төвөд, Тайвань, Уйгур, авлига, байгалийн гамшиг, “#MeToo” хөдөлгөөнөөр мэдээлэхийг хориглосон сэдвүүдийн тоо хүрээгээ тэлсэн гэнэ. “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын хэвлэлийн эрх чөлөөний 2021 оны рейтингээр Хятад улс 180 орноос 177-д жагсжээ.
Хонконгод 2019 онд болсон, Засгийн газраа эсэргүүцсэн томоохон жагсаалын удирдагчдын нэг Натан Ло өнөөдөр АНУ-д болох “Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-д цахим хэлбэрээр оролцож үг хэлэх гэнэ. 28 настай тэрбээр өнгөрсөн оны долдугаар сард, Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль баталсны дараа Британи руу зугтан гарсан юм. Оюутны хөдөлгөөний удирдагч асан Ло “Борооны шүхрийн хөдөлөгөөн” хэмээн алдаршсан, 2014 оны намар болсон жагсаалд оролцсоныхоо төлөө найман сар хоригдсон билээ. 2016 оны есдүгээр сард тэрбээр Хонконгийн хамгийн залуу хууль тогтоогч болсон ч удалгүй эл эрхээ хасуулсан юм. “Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-ын өмнө Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Хонконгийн албаныхан эрэн сурвалжилж буй идэвхтнийг эрс шүүмжилж, түүнийг бусад орны улс төрийн ашиг сонирхолд үйлчлэхийн тулд эх орноосоо урвасан хүн гэж мэдээлжээ