ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден нар энэ онд хоёр дахь удаагаа хэлэлцээ хийв. Гэхдээ энэ удаагийнх цахим дээд хэмжээний уулзалт гэдгээрээ онцлог юм. Тэдний уулзалтын гол сэдэв нь Украины эргэн тойрны нөхцөл байдлын тухай байлаа. Тодорхой зүйл дээр тохиролцох боломжгүй байсан ч талуудын тайлбараас харахад Москва, Вашингтон яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх бололтой.
Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр удирдагчид НАТО-г зүүн тийш тэлэхээс, мөн Оростой хил залгаа орнуудад цохилтын зэвсэг байрлуулахаас татгалзах зэрэг аюулгүй байдлын эмзэг асуудлыг зөвлөлдөхөөр тохиролцжээ. Тэрчлэн Женевт болсон дээд хэмжээний уулзалтын шийдвэрийн хэрэгжилт, кибер аюулгүй байдал, дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаа зэрэг хоёр талын харилцааны тулгамдсан асуудал хэлэлцсэн байна. В.Путиний туслах Юрий Ушаковын хэлснээр цар тахал, уур амьсгал, эрчим хүч, тэр дундаа хий дамжуулах хоолойн “Умардын урсгал-2” төсөл зэрэг сэдвийг хөндөөгүй байна.
УКРАИНЫ ЭРГЭН ТОЙРНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ
Минскийн гэрээний хэрэгжилтийг Украин “Шилжилтийн үеийн төрийн бодлогын тухай” хуулийн төслөөр санаатай тасалдуулж байна гэж В.Путин АНУ-ын Ерөнхийлөгчид мэдэгдэв. Харин Минскийн гэрээний хэрэгжилтийг АНУ дэмжихэд бэлэн байгааг Цагаан ордон мэдээлжээ. Украины хилийн ойролцоо Оросын цэргүүдийн хөдөлгөөнд санаа зовниж буйгаа Ж.Байден илэрхийлээд, цаашид байдал улам даамжирвал АНУ холбоотнуудын хамт хатуу хариу арга хэмжээ авахад бэлэн байгааг уламжиллаа. В.Путин хариуд нь НАТО-г цаашид зүүн тийш тэлэх, Оростой хил залгаа орнуудад цохилтын зэвсэг байрлуулахгүй байх найдвартай, хуулийн дагуу баталгааг Цагаан ордны эзнээс шаардсан байна.
Эцэст нь эдгээр эмзэг асуудлын талаар бодитой зөвлөлдөх уулзалт эхлүүлэхийг өөрсдийн төлөөлөгчдөд даалгахаар Төрийн тэргүүн нар тохиролцжээ. Ушаковын хэлснээр Ж.Байден эл асуудлыг Умард Атлантын эвслийн холбоотнуудтайгаа хэлэлцэхээ амласан байна. Харин Америкийн удирдагчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан мэдээлэхдээ, албан ёсны хэлэлцээний талаар яриагүй ч АНУ ийм яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэжээ.
ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦАА
Кремлийн хэвлэлийн албаны уламжилснаар Вашингтон, Москва хоорондын харилцаа хангалтгүй, тэр дундаа дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг хязгаарласан нь хүндрэл учруулж байгааг хоёр удирдагч хүлээн зөвшөөрчээ. Энэ нь Америкийн эрх баригчдын бодлогын үр дагавар гэдгийг В.Путин тэмдэглээд, хязгаарлалтыг хүчингүй болгохыг санал болгожээ.
Дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Ж.Байден хөндсөн байна. Ю.Ушаковын хэлснээр Америкийн удирдагч эхний алхам болгож, хэдэн жилийн өмнө хураасан дипломат эд хөрөнгийг шалгахыг Оросын дипломатчдад зөвшөөрч магадгүйгээ цухас дурджээ. Харин Цагаан ордон АНУ-ын Ерөнхийлөгч тодорхой зүйл хэлээгүй гэж мэдэгдсэн байна.
Хоёр удирдагч мөн өнгөрсөн зургадугаар сард болсон Женевийн дээд хэмжээний уулзалтаар хүрсэн тохиролцоог тууштай хэрэгжүүлэх, хоёр талын харилцааны болон ОХУ, АНУ-ын хооронд үүсэх бусад асуудлыг авч үзэхдээ Женевийн үзэл санааг хадгалах нь чухлыг цохон тэмдэглэжээ. Ж.Байден В.Путинтэй дахин нүүр тулсан уулзалт хийнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн ч эл сэдвийг энэ удаад хэлэлцсэнгүй.
Өнөөгийн бодит байдалд хамтран ажиллахын үлгэр дуурайл болох ёстой дэлхийн II дайны он жилүүд дэх хоёр улсын холбоотны харилцааг эргэн дурсаад, олон улсын аюулгүй, тогтвортой байдлын төлөө онцгой үүрэг, хариуцлага хүлээдгээ харгалзан Москва, Вашингтон яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа Ерөнхийлөгч нар илэрхийлжээ.
КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА ИРАН
Кремлийн хэвлэлийн албаны уламжилснаар В.Путин, Ж.Байден нар кибер аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээ хийх нь чухал болохыг тэмдэглэж, кибер гэмт хэрэгтэй тэмцэх бодит хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Женевийн хэлэлцээрийн хүрээнд энэ хамтын ажиллагаа ахиц дэвшилд хүрч байгаад хоёр удирдагч сэтгэл хангалуун байв. Тэд өнгөрсөн сарын сүүлчээр Австрийн Вена хотноо дахин эхэлсэн Ираны цөмийн гэрээний асуудлаарх хэлэлцээ үр дүнтэй болно гэж найдаж байна.
В.Путин, Ж.Байден нар энэ удаагийн цахим уулзалтыг оруулаад таван удаа холбоо тогтоожээ. Тодруулбал, гурван удаа утсаар ярьж, өнгөрсөн зургадугаар сард Женевт биечлэн уулзсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслахын хэлснээр Путин, Байден нар ганцаарчлан ярилцсан ч тэдний зөвлөхүүд холбогдоход бэлэн байжээ. Цагаан ордны нийтэлсэн дүрс бичлэгээс харвал Оросын удирдагчтай ярилцах үеэр Байдены хамт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нарын дөрвөн хүн байв.