НҮБ-ын тусгай итгэгч Рем Алсалемийн 11 дүгээр сарын 29-нд айлчилсан айлчилалын хугацаа өнөөдрөөр дуусаж байгаа бөгөөд тэрээр энэ хугацаанд манай улсын охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийжээ. Энэ тухайгаа өнөөдөр танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ “Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг хууль эрх зүйн орчинг бүрдүүлжээ. Гэхдээ цаашид засаж сайжруулах, нэмэлт өөрчлөлт хийх, шинэ хуулийн төсөл санаачлахыг санал болгож, уриалж байна. Энэ чиглэлээр дэмжин ажиллахдаа үргэлж баяртай байх болно. Энэхүү айлчлалаараа би Монгол Улсын Засгийн газартай урт удаан хамтран ажиллаж, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг үгүй хийх их үйлсийн эхлэл гэж боллоо гэж үзэж байна.
Зарим засаж сайжруулах зүйлийг дурьдвал, хэдийгээр Эрүүгийн хуулийн өөрчлөлтүүд нь бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой заалтууд дээр сайжирсан ч хосуудын бэлгийн хүчирхийлэлд тодорхой эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байна. Тиймээс хохирогч, хүчирхийлэгч хоёрын харилцаанаас үл хамааран зөвшөөрөлгүй бэлгийн харилцаанд орох нь ямагт хүчингийн гэмт хэрэг болдог гэдгийг баталгаажуулж, энэ төрлийн хэргийг яллагдагчаар татах үүднээс ийм заалт оруулахыг зөвлөж байна.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулинд жендерийн мэдрэмжтэй үг хэллэг оруулаагүй. Гэр бүлийг салж сарнихад түлхүү төвлөрөх хандлагатай байна.Түүнчлэн хохирогч, хүчирхийлэгч хоёрыг нэг танхимд оруулж, мэдүүлэг авч байгааг эсэргүүцэж байна.
Миний бие айлчлалынхаа үеэр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд шинэ ур чадвар эзэмших, жижиг дунд бизнес эрхэлэхэд зориулсан буцалтгүй тусламж авахад дэмжлэг үзүүлэх зарим санаачилгын талаар олж мэдлээ. Эдгээр боломжууд нь гэмт этгээдээс санхүүгийн хараат байдлаа бууруулах замаар хүчирхийллийн давталтыг таслан зогсоох хүчин чармайлтыг дэмжих гол хүчин зүйл учраас эдгээрийг илүү олон эмэгтэйчүүдэд хүргэхийн тулд хамрах хүрээг өргөтгөж, илүүтэй өргөжүүлэх нь зүйтэй.
Цаашилбал нийгмийн ажилтан, цагдаа зэрэг зарим үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагаанд жендэрийн хэвшмэл ойлголт, өрөөсгөл хандлага нөлөөлж буй нь хохирогчдод гэр бүлийн эв нэгдэл эс бөгөөс гэмт этгээдийн нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурийг хамгаалахын тулд гомдлоо буцааж татах дарамттай учрахад хүргэдэг талаар олж мэдээд санаа зовниж байна. Тиймээс хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлэгчдийн зүгээс асуудалд жендэрийн мэдрэмжтэй хандах хандлагыг төлөвшүүлэхийн тулд чадавхийг бэхжүүлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлж, цаашид бэхжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт уриалж байна” хэмээлээ.