Сүүлийн таван жилд анх удаа Иранд Арабын Нэгдсэн Эмират Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Тахнун бен Зайд тэргүүтэй өндөр албан тушаал хашдаг төлөөлөгчид айлчлав. Мөн Тегеранд Сирийн Гадаад хэргийн сайд Фейсал Микдад айлчилсан байна.
Саудын Араб улсад шиитийн шашны зүтгэлтэн Нимр аль-Нимрийг цаазалсныг эсэргүүцсэн Ираны жагсагчид Тегеран дахь тус вант улсын ЭСЯ-ны нутаг дэвсгэрт нэвтэрсэн. Үүнтэй холбогдуулан АНЭУ 2016 онд Эр-Риядын дараагаар Ирантай хийх дипломат харилцааны түвшнээ бууруулсан юм. Харин одоо л Иран болон Персийн булангийн Арабын хаант улсууд хоорондын сөргөлдөөн намжиж буй. Удаан хугацааны дараа Эр-Рияд, Тегераны хооронд яриа хэлэлцээ өрнөж байна. Харин АНЭУ Тегеран руу төлөөлөгчдөө илгээжээ. “Иран Персийн булангийн орнуудын аюулгүй байдлыг дэмжиж буй. АНЭУ-тай харилцаагаа хөгжүүлж байгаадаа бид баяртай байна” гэж шейх Тахнуныг хүлээн авч уулзахдаа Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси хэлсэн байна. Түүний хэлснээр, исламын шашинтай хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ямар ч саад бэрхшээл байх ёсгүй. Тэр дундаа Ираныг хөрш орнуудтайгаа ойртохоос сэргийлэхийн тулд бүхнийг хийж буй “бүс нутгийн дайснууд” (Израил)-аас сэргийлэх шаардлагатай байна. Ташрамд дурдахад, нэг жилийн өмнө Америкийн дэмжлэгтэйгээр АНЭУ Израилтай харилцаагаа хэвийн болгосноо зарласан билээ.
АНЭУ, Ираны хооронд харилцан зөрчилддөг асуудал цөөнүй, Тухайлбал, Абу-Даби идэвхтэй зэвсэглэж байгааг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Парисаас 80 сөнөөгч онгоц авахаар байгуулсан гэрээ илтгэнэ. Үүнийг хөндөж Ираны ГХЯ-ны төлөөлөгч Саид Хатибзаде “Бүс нутгийн улсууд манай пуужингийн талаар удаа дараа уулзалт зохион байгуулдаг ч олон тэрбум долларын зэвсэг худалдан авч буй. Үүний ачаар бид хамгаалалтын бамбайгаа бэхжүүлэхээр улам шийдвэр төгс болж байна” гэж хэлэв.
Арабын хаант улсууд болон Ираны хооронд санал зөрөлддөг бас нэг зүйл бол Тегераны бүс нутгийн идэвхтэй бодлого, Ливан, Ирак, Йемен, Сири дэх нөлөө нь тэлж байгаа явдал юм. Энэ чиглэлд Иран юу ч өөрчлөхгүй, харин ч эдгээр улстай цэрэг, улс төр, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлж байна. Үүний бас нэг нотолгоо бол Сирийн Гадаад хэргийн сайд Фейсал Микдадын Тегеранд хийсэн айлчлал юм. Өнгөрсөн сарын сүүлчээр Ираны Худалдаа, аж үйлдвэр, уул уурхайн сайд Сейед Реза Фатеми Амин тэргүүтэй Ираны эдийн засгийн төлөөлөгчид Дамаск хотод айлчилсан. Энэ онд Тегеран Сирид хийх экспортоо 200 сая ам.долларт хүргэхээр төлөвлөжээ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Сирийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй Ираны экспортын компаниудыг дэмжих зорилгоор 50 сая ам.долларын тусгай төсөв гаргасан аж. Дамаск хотод Ираны худалдааны бас нэг төв нээгдсэн байна. Мөн сарын өмнө АНЭУ-ын Гадаад хэргийн сайд Абдулла бин Заед сүүлийн арван жилд анх удаа Дамаскт айлчилж, Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадтай уулзсан юм. Энэ нь Сирийн эрх баригчдыг улс төрийн хувьд тусгаарлах шаардлагатай гэж үзсэн АНУ-ын санааг зовоосон билээ. Одоо Ираны Ерөнхийлөгч Дамаскт айлчилна. Түүнд Фейсал Микдад Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын урилгыг өргөн барьжээ.