ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгт айлчилж, тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзав. Энэ нь цар тахлын үед В.Путиний хилийн чанадад хийж буй хоёр дахь айлчлал бөгөөд Делитэй хийж буй түншлэлд Москва ач холбогдол өгдгийг нотлохоор хязгаарлагдахгүй юм. Үүнээс өмнө тэрбээр Швейцарын Женев хотод АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдентай дээд хэмжээний уулзалт хийхээр Москвагаас мордож байв. Орос, АНУ-ын сөргөлдөөн нэмэгдэж, Энэтхэг, Хятадын харилцаа хурцадсанаас үүдэн ОХУ, БНЭУ-ын харилцаа өдгөө сорилтод орж буй. Хятадтай сөргөлдсөн нь Энэтхэгийг Вашингтонтой ойртоход түлхэж байгаа. Энэ нь Москва, Дели хоорондын уламжлалт найрсаг харилцаанд ноцтой сорилт болов.
Орос, Энэтхэгийн удирдагчид эдийн засаг, аюулгүй байдал, эрчим хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэнэ. Тус хоёр улс хүйтэн дайны үеэс найрсаг харилцаатай байсан. Уулзалт аюулгүй байдлын “Quad security” эвсэл байгуулагдаж байгаа энэ үед болж байна. Эл эвсэл АНУ, Япон, Австрали, Энэтхэгээс бүрддэг. Өнгөрсөн есдүгээр сард оролцогч орнуудын удирдагчид нягт хамтран ажиллахаар тохиролцсон. Уг эвслийг Хятадаас ирж буй өсөн нэмэгдэж буй сорилтыг хязгаарлах оролдлого гэж үздэг. “Quad” зөвхөн Хятад төдийгүй Оросыг онилсон нь В.Путиний засаг захиргааг түгшээж байгаа юм. В.Путин АНУ, Энэтхэгийн хооронд хагарал үүсгэхийг оролдож байна гэж ажиглагчид үзлээ.
Харин Н.Моди Оростой харилцаагаа, ялангуяа цэргийн салбарт сайжруулахыг хүсэж буй. Маргаантай бүс нутагт нь цэргийн мөргөлдөөн болсны улмаас өнгөрсөн оны зургадугаар сараас хойш Энэтхэг, Хятадын харилцаанд хурцадмал байдал үүссэн. Энэтхэг улс Оростой цэргийн хүчтэй түншлэлийн харилцаатай. 2010 оноос хойш Энэтхэгийн импортолсон зэвсгийн 60 гаруй хувийг Орост үйлдвэрлэсэн байна.
Өмнөх дээд хэмжээний уулзалтуудаас ялгаатай нь Оросын төлөөлөгчид цөөн бүрэлдэхүүнтэй Энэтхэгийг зорьжээ. Владимир Путинийг энэ удаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалах сайд Сергей Шойгу, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков нар дагалдан явж байна. Владимир Путин, Нарендра Моди нарын уулзалтын өмнө Оросын талаас Сергей Шойгу, Энэтхэгийн талаас Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх тэргүүтэй цэрэг, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болов. Дээд түвшний яриа хэлэлцээний өмнө анх удаа тус хоёр улсын дипломат болон батлан хамгаалах сайд нар “2+2” уулзалт хийжээ.
2000 онд байгуулсан тохиролцооны дагуу Орос, Энэтхэгийн дээд хэмжээний уулзалт жил бүр болдог. Харин өнгөрсөн онд коронавирусийн цар тахлын улмаас тус хоёр улсын удирдагчид 20 жилд анх удаа биечлэн уулзаагүй ч идэвхтэй холбоотой байв. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард утсаар ярьж, Нарендра Модигийн даргалсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн далай, тэнгисийн аюулгүй байдлын тухай чуулган, ШХАБ, БРИКС, “Их-20”, Шотландын Глазго хотод болсон уур амьсгалын дээд хэмжээний уулзалтад хамтдаа цахимаар оролцсон юм.