ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Төрийн тэргүүн Жозеф Байден нар маргааш цахимаар уулзахыг Цагаан ордон мэдэгдлээ.
“Удирдагчид АНУ, ОХУ-ын харилцааны олон сэдэв, тэр дундаа стратегийн тогтвортой байдал, кибер орон зай, бүс нутгийн асуудлуудыг хэлэлцэнэ” гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ. Мөн Ж.Байден Украины хилийн ойролцоо ОХУ-ын цэргийн ажиллагаа идэвхэжсэнд АНУ түгшиж буйг илэрхийлэхийн сацуу Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Америк хамгаалахыг дахин нотлох гэнэ.
Үүний өмнө ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр Ерөнхийлөгч нар цахим уулзалтынхаа үеэр хоёр талын харилцаа, олон улсын тулгамдсан асуудлууд, тухайлбал Афганистан, Иран, Украин, Ливи, Сирийн байдлыг хэлэлцэх аж. Тэрчлэн талууд стратегийн тогтвортой байдлын талаарх яриа хэлэлцээний явц, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны дээд хэмжээний уулзалт зохион байгуулах тухай ОХУ-ын санаачилгыг хэрэгжүүлэх асуудлыг хөндөх бололтой. АНУ, Оросын удирдагчид хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сард утсаар ярьсан юм.