Дэлхий даяар 1970 онд 84 сая байсан цагаач, дүрвэгсдийн тоо өнгөрсөн онд 281 саяд (бөмбөрцгийн хүн амын 3.6 хувь) хүрч нэмэгдсэн тухай НҮБ-ын дэргэдэх Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын тайланд дурджээ. Уг баримт бичгээс үзвэл улс дотроо шилжин суурьшигчдын тоо байгалийн гамшиг, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас эрс өссөн байна. Харин “Ковид-19”-ийн цар тахын улмаас хөдөлгөөн хязгаарлагдсанаар дэлхий даяар шилжилт хөдөлгөөн буурсан аж.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ) нь дэлхийн II дайны дараа Европ дахь цагаачдын урсгалыг зохицуулах зорилгоор 1951 онд Бельгийн Брюссель хотод байгуулагдсан юм. Өдгөө тус байгууллага олон улсын шилжилт хөдөлгөөний хууль, тогтоомж боловсруулах, хэлэлцүүлэг зохион байгуулах, зөвлөмж бэлтгэх, цагаачдын эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Тус байгууллага 174 гишүүн улстай. Мөн ажиглагчийн статустай долоон оронтой аж.
Хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй нөхцөл байдал өдгөө бий болсныг ОУШХБ-ын гүйцэтгэх захирал Антонио Виторино мэдэгджээ. “Ковид-19”-ийн улмаас олон тэрбум хүн хөл хоригдсон ч хэдэн сая хүн харьд оршин суух болсон” гэж тэрбээр хэлжээ.
Дээрх тайланд дурдсанаар цар тахлын нэг жилийн хугацаанд дэлхий даяар агаарын тээврээр зорчигчдын тоо 60 хувиар буурч, 2019 онд 4.5 тэрбум байсан үзүүлэлт 2020 онд 1.8 тэрбум болсон гэнэ. Хэрэв цар тахал болоогүй бол олон улсын цагаачдын тоо хоёр саяар бага байх байжээ. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдээлснээр коронавирусийн цар тахал олон хүнийг өлбөрөхөд хүргэж болзошгүй. 2021 онд дэлхийн олон нийт сүүлийн 75 жилд байгаагүй хүмүүнлэгийн хүнд хямралтай нүүр тулна гэж тус байгууллагын тэргүүн Дэвид Бисли таамагласан байсан. Түүний хэлснээр “Ковид-19”-ийн цар тахлаас үүдэлтэй өлсгөлөнгөөс урьдчилан сэргийлэхэд 6.8 тэрбум доллар шаардлагатай байна. Өнгөрөгч сард НҮБ-аас тэрбумтнуудад дэлхийн өлсгөлөнтэй тэмцэх төлөвлөгөөг санал болгосон бөгөөд энэ нь 6.6 тэрбум доллароор хэмжигдэж байв.
Нөгөөтээгүүр, цагаачид эх орон руугаа мөнгө гуйвуулдаг. Дэлхийн банкнаас өгсөн мэдээллээс үзвэл өндөр орлоготой орнууд шилжүүлгийн гол эх үүсгэвэр болдог аж.
2020 онд эхний байрыг АНУ эзэлж, нэг жилийн дотор 68 тэрбум долларыг бусад орон руу шилжүүлсэн бол АНЭУ (43 тэрбум), Саудын Араб (34.6 тэрбум), Швейцар (28 тэрбум), Герман (22 тэрбум) удаалжээ. ОХУ (16.9 тэрбум) нь Хятад (18.1 тэрбум), Франц (15 тэрбум) хоёрын дунд долдугаарт жагссан байна. Олон улсын шилжүүлэг хүлээн авсан орнуудын дунд Энэтхэг улс 2020 онд (83.2 тэрбум) нэгдүгээрт оров. Үүний дараа Хятад (59.5 тэрбум), Мексик (42.9 тэрбум), Филиппин (34.9 тэрбум), Египет (29.6 тэрбум) жагсжээ.