Хондурасын тэргүүн хатагтай асан Сиомара Кастро тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч болж байна. Урьдчилсан дүнгээр түүнийг сонгогчдын 53 хувь нь дэмжжээ. Түүний хамгийн ойрын өрсөлдөгч 34 хувийн санал аваад буй. Венесуэл, Кубын Ерөнхийлөгч Николас Мадуро, Мигель Диас-Канел нар С.Кастрод баяр хүргэсэн байна. Тэрбээр төрийн эрхэнд гарснаар консерватив Үндэсний нам болон төвч үзэлтэй Либерал намын төлөөлөгчид ээлжлэн эрх барьсан 100 гаруй жилийн түүх дуусгавар болох юм.
АМАРГҮЙ ЗОРИЛТ
Тус улсыг удирдахад Сиомарад амаргүй байх болно гэж ОХУ-ын ГХЯ-ны Олон улсын харилцааны Москвагийн улсын их сургуулийн профессор, ШУА-ийн Латин Америк судлалын хүрээлэнгийн Улс төр судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Владимир Сударев үзэж байна. “Авлигад маш их автсан төрийн аппарат, хууль сахиулах байгууллагуудтай тэрбээр нүүр тулгарах бөгөөд түүний түшиг тулгуур нэлээд сул байна. Тегусигальпагийн гудамжинд ялалтыг нь тэмдэглэж буй дэмжигч олон нь түүнийг хаалт давахад туслах нь юу л бол” гэж В.Сударев тэмдэглэжээ. Түүний хэлснээр, Сиомара эрх барих байгууллагуудад буулт хийх шаардлагатай болох бөгөөд энэ нь сонгогчдынхоо олонхыг алдах муу үр дагаварт хүргэж болзошгүй аж.
АВИЛГАТАЙ ТЭМЦЭЖ, ХЯТАДТАЙ ОЙРТОХ НЬ
Хань Мануэль Селайяг нь Ерөнхийлөгчийн албан тушаалаас түлхэн унагасан төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаалыг 2009 онд Сиомара Кастро тэргүүлэн, анх удаа олон нийтэд өөрийгөө хэн болохыг таниулсан. Дараа нь тэрбээр эсэргүүцлийн хөдөлгөөнийг Эрх чөлөө, өөрчлөлт шинэчлэлийн нам болгон өөрчилсөн байна. 2013 онд Сиомара Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа өрсөлдсөн ч одоогийн төрийн тэргүүн Хуан Орландо Эрнандест ялагджээ.
Хар тамхины дарангуйлал тогтоосон хэмээн Хуаныг түүнийг буруутгаж, авлигатай тэмцэхийг өөрийн гол ажил гэж үзэж байна. С.Кастрогийн сонгуулийн хөтөлбөр нь ардчилсан социализмын зарчмын дагуу улс орноо сэргээн босгоход чиглэсэн бөгөөд томоохон шинэчлэл хийхээр тусгасан аж. Тухайлбал, үр хөндүүлсний төлөө эрүүгийн хариуцлага тооцдогийг хязгаарлаж, НҮБ-ын дэмжлэгтэйгээр авлигатай тэмцэх олон улсын комисс байгуулж, Хондурасын 1982 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн гэнэ.
Тэрчлэн түүний намын хамгийн радикал гишүүд улсдаа бүтцийн том өөрчлөлт хийхийг, тэр дундаа Хондурасын баялгийн жигд бус хуваарилалттай тэмцэхээр эрмэлзэж буй нь ажиглагчдын үзэж байгаагаар нийгэмд мөргөлдөөн, тогтворгүй байдлыг өдөөж болзошгүй.
С.Кастро олон улсын асуудлаар өгсөн хамгийн дуулиантай амлалтуудын нэг нь Хятадтай дипломат харилцаагаа сэргээх төлөвлөгөөтэй холбоотой. Хондурас Тайваньтай хэдэн арван жилийн турш дипломат харилцаатай байж, хариуд нь санхүүгийн тусламж авсан. Өнгөрөгч сард одоогийн Ерөнхийлөгч нь Тайваньд айлчлахдаа БНХАУ-ын нэг муж гэж Бээжингийн үздэг аралтай дипломат харилцаагаа хэвээр хадгалахын төлөө байгаагаа нотолсон. Гэсэн ч Хятад улс хөрш Сальвадорынх нь нэгэн адил Хондураст эд материалын тусламж үзүүлэхэд бэлэн байгаа учир тэрбээр Тайванийн засаг захиргааны гол холбоотнуудын нэг Вашингтоны хүслийн эсрэг гадаад бодлогоо өөрчлөхөд бэлэн байна.
Сиомара сонгуулийн кампанит ажлаа идэвхтэй явуулсан ч түүний нөхөр Мануэль Селайя улс орноо удирдана гэж зарим ажиглагч үзжээ. М.Селайя Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж, Каракастай идэвхтэй хамтран ажиллахын төлөө байгаа нь С.Кастрогийн тунхагласан ардчилсан зарчмуудыг баримтлах амлалтад эргэлзээ төрүүлж буй аж.
ЯДУУРАЛ, ГЭМТ ХЭРЭГ ГАЗАР АВСАН УЛС
Хондурас сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засгийн ноцтой хүндрэл, бэрхшээлтэй тулгарсан бөгөөд энэ нь тахлын улмаас тогтоосон хязгаарлалтаас болж улам хурцаджээ. Дэлхийн банкны мэдээгээр хүн амынх нь 14.8 хувь хоногт 1.9, нийт иргэнийх нь бараг тал хувь нь 5.5 ам.доллароор амь зуудаг. Бүс нутгийн орнуудынхаа дунд ядуурлын түвшнээр Гаитигийн дараа хоёрдугаарт Хондурас орж буй. Гэмт хэрэг, хүчирхийлэл, авлигын түвшин нэмэгдэж буй нь байдлыг улам хурцатгаж байна.
Хондурасын газар зүйн байршил ч үүнд нөлөөлсөн гэнэ. Учир нь тус орон АНУ-ын хар тамхины наймааны зам дээр оршдог аж. Үүний улмаас Латин Америкийн энэ улс гэмт хэргийн бүлэглэлийн хяналтад байдаг хэд хэдэн бүс нутагтай болжээ. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын мэдээлснээр Хондурасын 100 мянган оршин суугч тутамд хүн амины 38.9 хэрэг бүртгэгдсэн нь бүс нутагтаа хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг гэнэ. Гэмт хэрэг, хар тамхины наймаатай тэмцэхэд авлига саад болдог. “Transparency international” байгууллагын өнгөрсөн оны мэдээгээр тус улс авлигын индексээр 180 орноос 157-д жагсжээ.
АНУ-ЫН ХҮЧИН ЗҮЙЛ БА ДҮРВЭГСЭД
Хүчирхийлэл, ядуурал хондурасчуудыг сайн сайхан амьдрал хайж, эх орноо орхин дүрвэхэд хүргэж байна. Тус улс Эль Сальвадор, Гватемалын хамт Хойд гурвалжин гэгдэх хэсгийг бүрдүүлдэг бөгөөд АНУ-д хамгийн олон цагаачтай орон болохыг Цагаачлалын бодлогын хүрээлэнгээс мэдээлэв.
Цагаачлалын асуудал бөмбөрцгийн баруун хагасын гол тоглогч АНУ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад нэлээд хурцаар тавигдаж байгаа нь Вашингтон Хондурасын сонгуулийн үр дүнг ихээхэн сонирхохыг илтгэнэ. Үүний сацуу Латин Америк, Карибын тэнгисийн хэд хэдэн улс Орос, Хятад, Ирантай хоёр талын харилцаагаа өргөжүүлэн тэлж байгаатай холбогдуулан АНУ тус бүс нутагт нөлөөгөө бэхжүүлэхийг оролдож байна. Сиомара Кастро Хондурасын төрийн эрхэнд гарч, Каракас болон Бээжинтэй харилцаагаа сайжруулах төлөвлөгөөтэй байгаа нь АНУ-д тодорхой бэрхшээл үүсгэх бололтой. Ажиглагчдын үзэж буйгаар Вашингтоноос үзүүлж болзошгүй дарамт Бээжинтэй хамтран ажилласнаар авах санхүүгийн асар их ашгаас давах, эсэхийг цаг хугацаа харуулах бололтой. Тэрчлэн Хондурасын гамшигт ойртсон нөхцөл байдлыг харгалзан үзвэл С.Кастрогийн Ерөнхийлөгчийн ажлын амжилтыг дотоод улс төрийн байдал тодорхойлох бололтой.