Монголын эртний нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний ихэс язгууртны булш, бүхий Ноён уулын дурсгал нь Хүннү судлалд томоохон байр суурь эзэлдэг. 1924-1925 онд Оросын судлаач П.К.Козловын удирдсан “Монгол-Түвдийн шинжилгээний анги” Ноён уулын дурсгалт газарт анх археологийн малтлага судалгаа хийснээр Хүннүгийн соёлын биет өвийг нээж олсон бөгөөд уг үйл явдлыг ХХ зууны их нээлтийн нэг хэмээн үздэг байна.
ШУА-ийн Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологт-этнографийн хүрээлэнтэй хамтарч 2006-2015 оны хооронд Ноён уулын дурсгалт газарт Хүннүгийн язгууртны 4 булш, дагуул 4 булшийг орчин үеийн арга зүйн дагуу малтлага судалгаа хийж 1300 гаруй биет олдвор хэрэглэгдэхүүн илрүүлэн олжээ.
Энэ судалгааны үр дүнд өмнө нь бүрэн байдлаар илэрч байгаагүй нэхмэл эдлэл, Ромын эзэнт гүрнээс гаралтай мөнгөн хөөмөл чимэг, домгийн амьтдын дүрст адууны мөнгөн тоног зэрэг ховор олдворууд илэрсэн нь Хүннү судлалд шинэ эх хэрэглэгдэхүүн бий болгосон шинэ нээлт болсон юм.
Археологийн малтлага судалгааны ажлын дараа олдвар нарийвчилсан шинжилгээний ажил бүрэн хийгдснээр энэ жил судалгааны үр дүнг олны хүртээл болгох боломж бүрджээ.
“Хүннү археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэнд Ноён уулын дурсгалт газарт Монгол-Оросын хамтарсан экспедицийн малтлага хийсэн Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн олдворуудаас сонгосон 200 гаруй дэсийн 400 орчим зүйлсийг дэглэн үзүүлжээ.
Үзэсгэлэнг ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Соёлын Яам, Соёл урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл юм.