Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 97 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд баталсан Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” гэж заажээ.
Энэ өдөр Ерөнхийлөгч дөрвөн бүтээлд Төрийн шагнал хүртээлээ. Тодруулбал, “Чингис хааны ёс суртахуун-Эрх зүйн шастир”, “Монгол ёс суртахуун: Бадрал, уналт, эргэн сэргээлт”, “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд” хэмээх гурван боть болон “Ёс суртахууны цагаан толгой” бүтээлээрээ Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн эмерит профессор, академич С.Нарангэрэл, алдарт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвүүд”, “Солиот”, “Албингууд”, “Хөвүүн заяа” романыг монгол хэлнээ сонгодог хэлбэрийг нь хадгалан утга төгөлдөр хөрвүүлснийг нь үнэлж Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэн, “Их хүлгэн туульс”, “Цагаан шонхор”, “Аргусан хуурчийн тууль”, “Цаст уулын цадиг”, “Хотгойдын Шадар ван Чингүнжавын морьт хөшөө цогцолбор” зэрэг бүтээл туурвисан Ш.Тэнгисболд, “Мэс заслын техник, технологи, хагалгааны багажуудыг санаачлан бүтээж практикт нэвтрүүлсэн үр дүн” бүтээлийн эзэд болох Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч нарын багт Төрийн шагнал хүртээв. Эмч нарын багийн ахлагч нь Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, зүрхний мэс засалч Н.Баасанжав бөгөөд гишүүд нь анагаах ухааны доктор, дэд профессор, АШУҮИС-ийн багш Г.Баяраа, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор Ц.Лочин, Б.Алтангэрэл нар юм.
ЗАРИМ ИРГЭНИЙГ ШАГНАЛАА
Мөн Төрийн тэргүүн зарлиг гарган, зарим иргэнд цол, одон, медаль гардууллаа. Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Усны газрын ахмад ажилтан М.Сүрэнхорлоо, Гавьяат багш цолоор “Орчлон” олон улсын сургуулийн тэнхимийн эрхлэгч Ц.Баяраа, “Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Б.Жавзанхүү, өвлийн спортын олон арван шилдэг тамирчин бэлтгэсэн Д.Ичинхорлоо, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор “Форестер” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Гэрэлсүрэн, “Тавантолгой түлш” ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан, “Бөртэ” оёдлын үйлдвэрийн ахмад ажилтан, оёдолчин Ё.Мягмарсүрэн, Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Төр, засгийн амралт, үйлчилгээний цогцолборын дарга Б.Туул, Гавьяат эдийн засагч цолоор “Монголын эрмэлзэл” ТББ-ын тэргүүн Б.Очбадрах, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн С.Цэнд-Аюуш, Баян-Өлгий аймгийн Булган сумын “Тараз” ХХК-ийн ерөнхий менежер Н.Тахархан, Гавьяат хуульч цолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат, Хүний гавьяат эмч цолоор Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тасгийн зөвлөх эмч Ц.Ганбат, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор “Монголын өнгө төрх” ТББ-ын тэргүүн Ч.Даваадаш нарыг шагналаа. Мөн Сүхбаатарын одонгоор Гадаад харилцааны сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэчулуун, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Өнөр бүл” хүүхдийн төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг, Завхан аймгийн Улиастай сумын “Медикал” өрхийн эмнэлгийн бага эмч Н.Цэрэндүг нар хүртэв. Алтан гадас одонгоор ДЭМБ-ын аюулгүй байдал, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Н.Батмөнх, ажилчин Г.Бямбадорж, зам, талбайн мастер С.Жаргалсайхан, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйлчлэгч Х.Цэцэгмаа нарыг шагналаа.
43 166 ХҮҮХЭД 16 НАС ХҮРЧ БАЙНА
Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол энэ өдөр боллоо. Уг ёслолыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж, тухайн жилд 16 нас хүрч буй хүүхдүүдэд иргэний үнэмлэхийг нь гардуулдаг уламжлалтай. Энэ жил улсын хэмжээнд 43 166 хүүхэд 16 нас хүрч байгаа аж. Тэдний төлөөлөл зарим хүүхдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэний үнэмлэхийг нь гардуулан өглөө. Тэрбээр хүүхдүүдэд баяр хүргэж, амжилт хүсээд, “Ирээдүйд хэн болж, нийгэмдээ юу бүтээх вэ гэдгээ иргэний үнэмлэх авсан хүүхэд бүхэн энэ цаг мөчөөс эхлэн бодож, төлөвлөөрэй” гэж зөвлөв.
Бэлтгэсэн Б.Уран