Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Монгол Улсаа тунхаглан зарласны түүхт 97 жилийн ойн баярын энэ өдөр “Үндсэн хуулийн дугуйлан” төслийг албан ёсоор эхлүүллээ. “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын санаачилгаар эхэлж буй тус төслийг НЗДТГ дэмжин ажиллаж, нийслэлийн есөн дүүрэг, 171 хороонд албан ёсоор нээлтээ хийсэн юм. “Үндсэн хуулийн дугуйлан” төслийн гол зорилго нь ард иргэдэд хууль тогтоомжийг энгийн, хялбар байдлаар таниулан сурталчлах, хүн бүр хуулийн хэм хэмжээг ижил тэгш дагаж, мөрддөг болох, хуулийн зөв хэрэглээг дадал болгох бөгөөд Улаанбаатар хотыг эв нэгдлийн бүс болгох зорилтыг дэвшүүлжээ.
Төслийг санаачлагч “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-ялалт “Эвтэй байна гэдэг нь элдэв гэмт хэрэгтэнтэй эвлэрч, хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг биш ээ. Харин ч хүчээ нэгтгэн Монгол Улсыг мөхөөж буй аливаа Үндсэн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэлд туйлширч хазайлгүй, хууль зүйн үндэстэйгээр тэмцэх тэмцлийг хэлж байгаа юм. Энэхүү арга хэмжээг хамтран эхлүүлж, манлайлал үзүүлж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон түүний хамт олонд гүн талархал илэрхийлж байна” гэв.
Тус төсөл нь 2021 оны арваннэгдүгээр сарын 26-наас 2024 оны арваннэгдүгээр сарын 26 хүртэл үргэлжлэх бөгөөд гурван үе шаттай хэрэгжих аж. Тухайлбал, эхний шатанд 1008 сургагч багш нарыг бэлтгэх бөгөөд хоёрдугаар үе шатанд иргэдэд Үндсэн хуулийн мэдлэг олгох юм. Харин гуравдугаар шатанд төслийг дүгнэж, Үндсэн хуулийн 100 жилийн ойн хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн төслийн хүрээнд бямба гараг бүрийг үндсэн хуулийн өдөр болгон зарлаж, сургалт зохион байгуулах аж.