Худалдаа хөгжлийн банкныхан аз жаргалыг мэдрүүлэх урлагтай карт гаргасан юм гэнэ. “Бритто” гэж нэрлэсэн эл картуудынхаа нэгийг нь дэлхийн газрын зургаар чимжээ. Уйлмаар нь эл картаас ард түмэн улс Монголынхоо газрын зургийг хайгаад хайгаад олдоггүй. Учир нь Монголыг Хятадын газрын зурганд уусгаад нэг талд нь багтаагаад зурчихсан аж. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс болсноо зарлан тунхагласны баярт өдрийн мэндийг Худалдаа хөгжлийн банкныхан өөрийнхөөрөө Монголын ард түмэнд ингэж хүргэлээ.
Худалдаа хөгжлийн банк сар гаруйн өмнөөс автобусны буудлуудаас өгсүүлээд телевиз, хэвлэлүүдээр "Happy Art" хэмээн сурталчилж, нэртэй алдартай бүхэнд бэлэг түгээгээд эхэлсэн. Бразилийн Ромеро Бритто хэмээх кубизм, поп арт, графитти төрлүүдийг ашиглан уран бүтээлээ туурвидаг дэлхийд нэр алдаршиж буй уран бүтээлчийн үндэслэсэн “Happy Art” хэмээх шинэ урсгалыг Монголд нэвтрүүлж буй юм байх.
Өөрсдөө урлаг, уран сайхан байсан юм хэмээн тайлбарлаж, магад. Гэхдээ урлаг уран сайхнаар далдлаад утга санаа, агуулга нь улс эх орноо үгүйсгээд байж боломгүй. Худалдаа хөгжлийн банкны дээрх үйлдэл олон нийтийн дургүйцлийг хүргэхийн дээдээр хүргэлээ. Урлагийг арилжаа болгон ашиглаж болох ч үүгээрээ халхлаад улс Монголоо үгүйсгэлээ хэмээн зарим түүхч үзэж байгаа юм.
Тэдний тахин, шүтээд байгаа од Ромеро Бритто нь улс Монголыг минь мэдэхгүй байж болох. Харин эл дэлхийн урлаг хэмээн сүйд болж, эх орноо үгүйсгэсэн далд сурталчилгаа тань залууст хэрхэн тусаж, эх орноо гэсэн ямар үзэл баримтлал өгч байгаа бол. Тэр дундаа гадаадад аялж буй монгол хүн Монгол гэдэг нэрийг газрын зургаас баллуурдчихсан картаар үйлчлүүлэх нь гаднынханд ч, тухайн хүнд ч ямар санагдах бол гэдгийг Худалдаа хөгжлийн бодож үзээгүй гэвэл эндүүрэл болно. Дээрх банкныхан Ромеро Бритто Монголын зургийг “баллуурдаад” хаячихсаныг хараагүй өнгөрнө гэж бүүр ч байхгүй. Хэн мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалдаг хойно картын дээрх загвар зураг Худалдаа хөгжлийн банкныхны өөрсдийн санаа сэдэл биз.
Сэтгэл зүйчид “Happy Art” урсгалын зургууд нь аз жаргал, баяр баяслыг хүний сэтгэл зүйд мэдрүүлж өөдрөг тэмүүллийг сэдээж төрүүлэх боломжтой хэмээн дүгнэсэн гэх. Гэхдээ Худалдаа хөгжлийн банкнаас гаргасан карт дээрх Монголгүй дэлхийн зургийг хараад аз жаргал мэдэрч баясах битгий хэл уур нь хүрч байгаа нь олон болов уу. Харин Улс тунхагласны баярыг угтаад өмнөх өдөр нь Худалдаа хөгжлийн банкныхан олон олон мөнгөтэй зочдыг уриад, Монголоо баллуурдсан зурагтай эл картаа бэлэглэж, ихээ том банкет хийсэн гэсэн шүү.
Улс Монголоо хөгжүүлье, Улсын их хуралд нэр дэвшье гээд л байдаг манай урдаа барьдаг, томоохон бизнесмэн, сэхээтнүүд харин Худалдаа хөгжлийн банкнаас тараасан "хишгийг" алгаа тосоод авснаас бус, алдаатай юм биш үү хэмээн нэг нь дуугараагүй аж. Урлагтай картаасаа улсынхаа газрын зургийг баллуурдчихсаныг ухаан сийлж хэн нь ч хараагүй гэх.
"Ханбүргэдэй", "Говь", "E-mart" "BSB", "Шунхлай", "Ариг", "SHANGRI-LA", "Аянчин, "BABA", "Интермед", "TOUS les JOURS" зэрэг байгууллагуудын төлөөлөл ч нүдэн балай чихэн дүлий гэдэг шиг карт дээрх утга, агуулгын том алдаатай байж болох зургийг гоё юм, сайхан юм, түгээе, дэлгэрүүлье хэмээн хоёр гараа өргөж, дэмжиж, хамтарсан юм гэнэ. Улмаар байгууллагынхаа нэрийг картан дээр сийлүүлсэн байна. Харин маргаашаас нь Худалдаа хөгжлийн банкныхан Монголыг Хятадын газрын зурагт нэгтгэсэн зурагтай "аз жаргал" мэдрүүлдэг картаа ард түмэнд тарааж эхэлсэн байдаг.