Нефтийн үнийн өсөлтийг тогтоон барихын тулд АНУ нөөцөөсөө зах зээлд гаргаж эхлэв. Ийм алхмыг Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Британи зэрэг бусад томоохон хэрэглэгч орны хамт хийж буйгаа Цагаан ордноос мэдээллээ. Анх удаа ийм хамтарсан арга хэмжээ авч буйг АНУ-ын өндөр албан тушаалтнууд тэмдэглэжээ.
АНУ-д бензиний үнэ сүүлийн долоон жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч, улмаар хэрэглээний үнэ өнгөрсөн 30 жилийн хугацаанд хамгийн хурдацтай өсөж байна. Тиймээс өсөн нэмэгдэж байгаа зардлыг бууруулахын тулд тус улс стратегийн нөөцөөсөө ирэх хэдэн сард 50 сая баррель нефть гаргах болов. Энэ нь түүхэнд стратегийн нөөцөөс хамгийн их нефть гаргаж буй тохиолдол болохыг Ерөнхийлөгч Жозеф Байден Цагаан ордонд үг хэлэхдээ тэмдэглээд, жолооч нарт шатахууны үнийн бууралт мэдрэгдэхэд тодорхой хугацаа шаардагдахыг сануулсан байна. Үнийн өсөлт зөвхөн АНУ-д төдийгүй дэлхийд тулгамдаж буй асуудал гэдгийг тэрбээр онцлоод, манай гаргийн хэрэглэгчдийн эрэлтийг хангахад хүрэлцэхүйц хэмжээнд олборлолтоо нэмэгдүүлэхгүй байна хэмээн нефтийн арвин нөөцтэй орнуудыг шүүмжилжээ. Шаардлагатай бол нэмж арга хэмжээ авахаа Ж.Байден мэдэгдлээ.
Нефть экспортлогч орнуудын байгууллага болон ОХУ зэрэг гишүүн бус газрын тос олборлогч томоохон орнууд ирэх сард олборлолтоо нэмэхгүй байх шийдвэр гаргасан учир уг түүхий эдийн үнэ өндөр хэвээр байх төлөвтэй гэж зарим шинжээч үзэж байна. Ж.Байденыг дэмжигчид өдгөө хамгийн доод үзүүлэлтэд хүрсэн байгаа бөгөөд зах зээлд нефть гаргах болсон нь өнөөгийн нөхцөл байдлаас хүмүүсийн амьдралд үзүүлэх нөлөөллийг бууруулахын тулд түүний засаг захиргаа хүчин чармайлт гаргаж буйг харуулах оролдлого хэмээн ажиглагчид тэмдэглэжээ.
Дээрх арга хэмжээний хүрээнд Японы Засгийн газар нефтийн стратегийн нөөцийнхөө тодорхой хэсгийг гаргах болсныг тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишида мэдэгдсэн байна. Нефтийн үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газар стратегийн нөөцөөс 4.2 сая баррель нефть гаргах болсныг “Nikkei” сонин уламжилсан. Эл сонинд бичсэнээр, худалдах тендерийг он дуусахаас өмнө явуулах бол зах зээлд хийх нийлүүлэлт ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжилнэ.
Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр тус улсад төрийн болон хувийн 10 хадгалах байгууламжид 74.25 сая килолитр (467 сая баррель) нефть байжээ. Энэ нь 235 хоногийн хэрэгцээг хангах хэмжээ бөгөөд нэг өдрийн нефтийнх нь нөөц 1.95 сая баррель болж буй.