ХХ зууны Монголын түүх бол тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, бататгахын төлөөх их тэмцэл. Түүний нэг үе арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг монголчууд Улс тунхагласны баяр хэмээн ёсолдог болоод удаж байна. Арваннэгдүгээр сарын 26-нд үнэхээр Монгол Улсыг тунхагласан уу? Ер нь улс тунхагласан өдөр гэдэг нь тусгаар тогтносон өдөр юм уу? Үндсэн хуультай болсон өдөр үү? Засаглалын хэлбэрээ тогтоосон өдөр үү? Улс байгуулсан өдөр үү? Хөршүүд нь хүлээн зөвшөөрсөн өдөр үү? Олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн өдөр үү?
Аливаа ард түмэн тусгаар тогтнолоо баталгаажуулахдаа Үндсэн хууль батлах, засаглалын хэлбэрийг сонгох, хөршүүдээрээ хүлээн зөвшөөрүүлэх, олон улсын эрх зүйн этгээд болох зэрэг түүхэн үйл явцыг даван туулдаг. Гэхдээ эдгээр нь “улс тунхаглах”-тай холбоогүй нь үнэн.
Монгол хэлний тайлбар тольд “тунхаглах” гэдгийг зарлах, олонд мэдэгдэх гэж тайлбарлажээ. “Тунхаглах” гэдэг үгийг англиар declarin” гэх бөгөөд declaring the country’s independence буюу улсын тусгаар тогтнолоо тунхаглах гэсэн нөхцөлөөр хэрэглэдэг байна. Өөрөөр хэлбэл, тунхаглах (declaring) ба тусгаар тогтнол (independence) нь салшгүй холбоотой ухагдахуун ажээ. Тэгэхээр тунхаглах гэдгийг ухаж ойлгохын тулд тусгаар тогтнол гэж юу болохыг танин мэдэх шаардлагатай. Тусгаар тогтнол гэдгийн олон улсын оноолт indepen¬dence хэмээх англи үгийг бүтцээр нь задалж үзвэл хариу нь төдөхгүй олддог. Хамаарах, шалтгаалах үйлийг заасан depend гэдэг үгээс тиймэрхүү төлөвийг заасан dependenсe хэмээх байц үг үүсэж, хараат байдал гэсэн санаа илэрхийлдэг. Улмаар үгүйсгэх утга илтгэх “in” угтварыг өмнө нь залгахад independence буюу хараат бус байдал (тусгаар тогтнол) хэмээх эсрэг утгатай өөр байц үг буй болно. Үүнээс үзэхэд, нэг зүйлийн хамааралд байгаад түүнээс салж хамаатахгүй болох, биеэ даах нь indepеn¬dence буюу тусгаар тогтнол байна.
Модунь шаньюгийн Хүннү гүрнээс эхтэй монголчуудын 2200 гаруй жилийн төрийн уламжлалд харийн эрхшээлээс ангижирч, биеэ даан гарч, тусгаар тогтнолоо тунхагласан нь гагцхүү 110 жилийн өмнө 1911 онд Богд Жавзандамба хутагт тэргүүтэй Монголын эх орончид туурга тусгаар Монгол Улсаа сэргээн мандуулахад тохиожээ. Тодруулбал, Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд биш, харин 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан нь тодорхой байна.
Тэгвэл 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд ямар түүхэн үйл явдал болсон бэ, монголчууд үүнийг хэрхэн үнэлж цэгнэх ёстой вэ гэсэн асуулт урган гарна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд энэ өдрийг “Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдөр” гэж заажээ. Хуулийн энэ томьёолол нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд идэвхэждэг “Улс тунхагласны баяр”-ын тухай төөрөгдлийн шалтгаан болдог. Яагаад гэж үү?
- Энэ өдөр ямар нэгэн улсыг тунхаглаагүй, зөвхөн Монголын төр Бүгд найрамдах засаглалын хэлбэрийг хуульчлан баталгаажуулсан.
- Монгол Улс 1924 оны тэр өдрөөс бүр өмнө Бүгд найрамдах засгийг тунхаглачихсан байв.
Тодруулбал, 1924 оны тавдугаар сарын 20-ны өдрийн барс цагт Богд хааныг тэнгэрт дэвшсэн даруйд Намын төв хорооноос “… Аливаа ардын эрхтэй улс болбоос цөм Бүгд Найрамдах засгийг явуулах боловч манай Монгол орон цагийн байдалд нийлүүлэн Богд Жавзандамба хутагтыг хаанд хэвээр өргөмжилж, Ардын эрхтэй хэмжээт цаазат засгийг явуулсан нь эдүгээ Богд хаан нэгэнт таалал төгссөн учир зүй нь одоо чухам Ардын эрхтэй улсын ёсонд нийлүүлэн Бүгд найрамдах Засгийг явуулбаас зохих болов уу” гэсэн саналыг яаравчлан хүргүүлснийг олноо өргөгдсөний 14 дүгээр он, тавдугаар сарын шинийн 5 (Европынхоор зургадугаар сарын 7)-ны өдөр хуралдсан Төв хорооны Бүгд хурлын гишүүдийн III гуравдугаар хурлын I зүйлд хэлэлцээд “Бүгд найрамдах ард улсын засгийг явуулбаас зүйтэй болох ба Да жунтан хэмээх их ерөнхий даргыг сонгохгүй, улсын дээд эрхийг Улсын их хурлын дүрмийн ёсоор тус хуралд хадгалж, хурлын чөлөө цагт Засгийн газар хадгалах ба Бүгд найрамдах ард улсын засгийг явуулах их баярыг зургадугаар сарын шинийн 6-ны өдөр Улсын их баяр лугаа хамтатган явуулж, оны цолыг мөнхүү өдрөөс эхлэн Монгол Улсын 14 дүгээр он хэмээн халах”-аар тогтсон байна. Дангаар эрх баригч намын улс төрийн шийдвэрийг Ардын Засгийн газрын 18 дугаар хурлын тогтоолын I зүйлд шууд ёсчлон баталжээ. Тиймээс 1924 оны долдугаар сарын 3-ны өдөр хуралдсан Намын төв хорооны тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлын тогтоолын I зүйл болон Засгийн газрын хуралдаанаас Бүгд найрамдах улсын засгийг явуулсны баярыг 1921 оны хувьсгал ялсан зуны дунд сарын шинийн 6-ны өдөр тэмдэглэдэг Улсын их баяртай хамтатган явуулах ёслолын шинэ журам батлан тогтоож, түүнд бүх нийтийн оролцоог татсан үйл ажиллагааг тусгажээ. Тухайлбал, баярын өдөр Нийслэл хүрээний гудамжийг цэвэрлүүлж, албан газар ба айлуудын үүд хаалга зэргийг чимүүлэх ажлыг хороодын дарга нар, индрийг гоёх явдлыг Намын төв хороо эрхлэн хүлээсэн байна.
Ард олныг хотын захиргаа, нам, эвлэлийн гишүүд ба албан хаагчдыг тухайн Төв хороо ба яамд, цэргийг Цэргийн яам тус тус хариуцан Индрийн газарт жагсаан хуралдуулж ёслуулахаар журамласан учир Засгийн газар 1924 оны долдугаар сарын 8-ны өдөр ёслон тэмдэглэсэн Улсын ба Бүгд найрамдах засгийн баярын өдөр албан хаагчдад чөлөө олгожээ. Үүний зэрэгцээ Засгийн газраас цэрэг бүрт нижгээд хайрцаг ёотон, янжуур шагнаж, Цэргийн яам хуучин удаагаар цэргийн хоол хүнсийг нэмсэн аж. Баярт өдөр Засгийн газар төрийн дайллага хийсний зэрэгцээ Цэргийн яамнаас зарлаж, үхэр буугаар есөн удаа буудуулжээ.
Тэрчлэн “Бүгд найрамдах ард улсын засгийг явуулсан их баяр тохиолдсон учир хорих ялын хугацааны хагас хувьд хүрсэн ялтныг бүрмөсөн суллан тавих, үл хүрсэн ялтныг бүх хугацааны нэгэн дундуурыг хасаж хөнгөтгөх, одоо ял тогтоогүй хүлээгдэн хоригдож буйд нь олбоос зохих ялын нэгэн дундуурыг хорогдуулан ял оноох, мөн жинхэнэ алах ял халдсан хүн буй аваас алах ялыг хэлтрүүлэн 10 жил гянданд хорьж, уучлан хишиг хүртээх”-ээр Шүүх яамнаас санал гаргасныг Засгийн газар ёсоор болгон тогтоосон байна.
МАХН-ын дээд удирдлагын шийдвэрийн дагуу Ардын Засгийн газрын тогтоолоор Бүгд найрамдах засгийг тогтоосон, Бүгд найрамдах засгийг явуулсны баярыг ёслон тэмдэглэсэн, тэр их баярыг тохиолдуулан гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлсэн зэрэг баримт Монгол Улс Бүгд найрамдах засгийг 1924 оны долдугаар сарын 8-нд зарлан тунхагласныг хөдөлшгүй гэрчилнэ.
Ташрамд өгүүлэхэд, төр, эрх зүйн орчин үеийн онолын үүднээс төрийн удирдлагын хэлбэр (төрийн засаглалын хэлбэр)-ийг үндсэнд нь хаант болон бүгд найрамдах төр гэсэн хоёр бүлэгт хуваана. Хаант төр нь Хэмжээгүй эрхт хийгээд Хэмжээт эрхт хаант төр гэсэн хоёр хэвтэй. Бүгд найрамдах төр нь Парламентын ба Ерөнхийлөгчийн бүгд найрамдах төр гэж мөн л хоёр заагтай. Монгол Улс Ерөнхийлөгчийн бүгд найрамдах төрөөс бусад төрийн түүхэн туршлагатай. Модунь шаньюгаас эхтэй Хэмжээгүй эрхт хаант төрийн хоёр мянган жилийн уламжлал 1921 оны хувьсгалын ялалтаар тасалбар болдог. Түүнийг залгасан Хэмжээт эрхт хаант төрийн гурав хүрэхгүй жилийн түүх 1924 оны хавар Богд хаантай хамт төгссөн. Түүнээс хойш Монголд парламентын Бүгд найрамдах төр хүчин төгөлдөр оршин байна.
Монгол Улс парламентын Бүгд найрамдах засагтай болсныг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16.17 цагт Улсын анхдугаар их хурлын 14 дүгээр тогтоолын I зүйлд баталсан тус улсын анхдугаар Үндсэн хуулийг хуульчлан баталгаажуулжээ. 1924 оны Үндсэн хууль бол 1911 онд туурга тусгаар улсаа байгуулсан цагаас олон улсын орчин үеийн төр эрх зүй, чиг хандлагатай уялдуулан төр улсын Үндсэн хууль цаазтай болох гэсэн монголчуудын олон жилийн хүчин чармайлтын үр дүн байв.
Богд хаант Монгол Улсын үед Үндсэн хуультай болоход чухалчлан анхаарч иржээ. Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн даалгавраар эрдэмтэн Жамсрангийн Цэвээн олон улсын төр, эрх зүйн байдлыг судлан “Улсын эрх” бүтээл туурвисан бол нэр нь үл мэдэгдэх орчуулагчид “Түмэн улсын ердийн цааз”, “Түмэн улсын албан цааз” гэсэн олон улсын төр, эрх зүйн онолын номыг монгол хэлнээ хөрвүүлжээ. Үүнээс гадна АНУ, Япон, Зөвлөлт гэсэн гурван улсын Үндсэн хууль болон Английн Магна харта буюу Үндсэн хууль гэгддэг хүний эрхийн тунхаг тус тус бүтнээр нь, Норвегийн Үндсэн хуулийн хурлуудын тухай хэсгийг монгол хэлэнд буулгасан нь одоо Үндэсний номын санд хадгалаатай байна. Цаг үе төр, эрх зүйн эдгээр түүхэн баримтын талаарх мэдэгдэхүйц судалгааг хүлээсээр байгаа юм. 1910-аад онд Засгийн газарт зөвлөх эрхтэй Улсын дээд, доод хурал (хоёр танхимтай парламент) зэрэг төрийн ардчилсан байгуулалтыг шат дараатай буй болгосон нь Богд хаант Монгол Улсын үед эхэлсэн Үндсэн хууль боловсруулах ажлын тусгал байсныг доктор З.Лонжид нарын судлаачид тэмдэглэжээ.
Улмаар Ардын Засгийн газар өмнөх төрийн хүчин чармайлтыг үргэлжлүүлж, 1922 оны тавдугаар сард Шүүх яамны сайд Магсаржаваар ахлуулсан Үндсэн хууль зохиох комисс байгуулж, Англи зэрэг улсын жишгийг харгалзах чиглэл өгч байснаа мөн оны сүүлчээр гэнэтхэн энэ ажлыг зогсоосон байна. Тэр үед Үндсэн хуулийн хоёр ч төсөл боловсруулаад байсныг Бодоогийн төсөл, Ж.Цэвээний төсөл гэж ялган тэмдэглэдэг. Цэвээний төсөл нь Японы Үндсэн хуулийг баримжаалсан шинжтэй байдаг бол Бодоогийнх нь Английн төр, эрх зүйн харилцааг жишээлсэн талтай ажээ. Удаах төслийн зарим хэсэг 1921 оны намар Богд хаан хийгээд Ардын Засгийн газрын хоорондын харилцааг зохицуулсан Тангаргийн гэрээнд туссан учир тэр үеийн Ерөнхий сайдын нэрээр Бодоогийн төсөл гэж нэршсэн юм. 1922 оны намар Бодоог улс төрийн хилс хэрэгт цаазалсны дараахан Үндсэн хуулийн комиссыг тараасан нь Хэмжээт эрхт хаант засгийг байгуулах гэсэн Монголын хувьсгалчдын үзэл санаа гадаадын хүчин зүйлийн нөлөөгөөр тасалдсаны гэрч.
Богд хааныг нас барангуут тунхагласан парламентын Бүгд найрамдах засгийг хуульчлан баталгаажуулах зорилгоор Ерөнхий сайд Б.Цэрэндорж, Зөвлөлтийн тусгай томилолтын дагуу Монголын Засгийн газарт хууль цаазын зөвлөхөөр ажиллахаар ирсэн П.В.Всесвятский, Коминтерны төлөөлөгч, киргиз Т.Т.Рыскулов нарын бүрэлдэхүүнтэй Үндсэн хууль зохиох комиссыг байгуулжээ. Энэ комисс Зөвлөлтийн Үндсэн хуулийг баримжаалсан төсөл зохиосныг Улсын анхдугаар хурал 1924 оны арваннэгдүгээр сарын 24-26-нд хэдхэн өдөр хэлэлцээд шууд баталсан гэдэг.
Коминтерн ба Зөвлөлтийн тал 1921-1924 онд “Анхны долоо”-гийн Д.Бодоо, Д.Чагдаржав, С.Данзан нарын олон хүнийг улс төрийн хилс хэрэгт егүүтгэсэн нь монголчуудыг зөөврийн Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн. Цаашлаад энэхүү Үндсэн хуулиар иргэдээ жинхэнэ ба жинхэнэ бус ард гэсэн хоёр хэсэгт ялган хувааж, жинхэнэ ард (манай тал) ядуу ардад засгийн эрхийг олгоод, жинхэнэ бус ард (дайсан) чинээлэг иргэд, урьдын ван, гүн, хутагт хувилгаад, лам нар зэрэг нийгмийн бүлгийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж, нийгмээс ялгаварлан гадуурхсан нь 1940-өөд он хүртэл үргэлжилсэн улс төрийн их хэлмэгдүүлэлтийн эрх зүйн шалтгаан болсон юм.
Гэхдээ Үндсэн хуультай болсон нь төр, эрх зүйн томоохон дэвшил байв. Хаант засгаас татгалзаж, парламентын Бүгд найрамдах засгийг баталгаажуулсан нь Монголын түүхэнд шинэ хуудас нээснийг тэмдэглэх нь зүйтэй. Хамжлагат ёсыг халснаар нийгмийн харилцааны бүхий л хүрээнд ардчилсан ёс нэвтэрч, эмэгтэйчүүдэд улс төрийн эрх олгосон зэрэг нь ХХ зууны Монголын нийгмийн хөгжилд чухал түлхэц үзүүлжээ.
1924 оны энэ үйл явдал Монголын түүхийн онцгой тэмдэглэлт баярын нэг мөн учир жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах засгаа баталгаажуулсан баяраа нийтээрээ ёслон тэмдэглэж байх учиртай. Эл их баярын түүхийг сөхвөл, 1924-1939 онд Бүгд найрамдах засаг тогтоосон баярыг Улсын баяртай хамтатган 16 удаа тэмдэглэжээ. Гэвч 1940 онд дараагийн Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноор Бүгд найрамдах засгийн баярын эрх зүйн зохицуулалт хүчингүй болов. Гэхдээ Бүгд найрамдах засгийг тогтоосон тэгш ойн баярыг 1964 онд МАХН-ын III их хурлын ойтой хамтатган, 1974 онд Л.Брежнев, 1984 онд В.Гришин тэргүүтэй Зөвлөлтийн нам, засгийн удирдагч, төлөөлөгчдийг урилгаар айлчлахад сүрлэг тэмдэглэж байсныг профессор Д.Баярхүү өгүүлжээ.
Ардчилсан хувьсгалын ялалтаар марксист үзэл суртал, үнэт зүйл нь үнэгүйдсэн МАХН нийгмийн нөлөө, нэр хүндээ алдахгүйн тулд төдий л ойшоохгүй явж ирсэн 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ныг 1990 оноос “Бүгд найрамдах улс тунхагласны баяр” болгон өргөмжлөн тэмдэглэж эхэлсэн нь монголчуудыг “Улс тунхагласны баяр” хийгээд “Тусгаар тогтносны баяр”-ын мананд төөрүүлээд байна. Харин Ардчилсан нам засагласан 2012-2015 онд энэ баярыг тэмдэглэлт өдөр болгон зэрэглэл бууруулж, ажлын өдөр болгосныг МАН 2016 оны сонгуулийн дараа бүх нийтээр амрах баярын өдөр болгон сэргээсэн. Үүгээр тооцоход монголчууд энэхүү баярыг 46 дахь удаагаа ёслон тэмдэглэж байгаа аж.
Улс тунхагласны баярын нэр хүнд өсөхөд үндэсний бөхийн барилдаан ихэд нөлөөлсөн бөгөөд 1984 онд анх зохион байгуулж, 1990 оноос үргэлжилж байгаа бөгөөд 1996 онд ардчилсан Засгийн газрын бодлого, 2009 онд N1H1 вирусийн дэгдэлт, өнгөрсөн 2020 онд “Ковид-19”-ийн цар тахлын улмаас гурван удаа өнжөөд байна. Энэ баярт зориулсан 29 удаагийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ зургаа, улсын аварга Ч.Санжаадамба тав, Г.Өсөхбаяр гурав, Д.Сумъяабазар болон улсын гарьд И.Доржсамбуу нар хошоод, дархан аварга Х.Баянмөнх нарын 11 бөх тус бүр нэг түрүүлжээ.
Арваннэгдүгээр сарын 26-нд монголчууд Бүгд найрамдах улсаа тунхаглаагүй, тусгаар тогтнолоо зарлаагүй, зөвхөн анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах засгийг хуульчлан баталгаажуулсан баярын өдөр. Арванхоёрдугаар сарын 29 бол тусгаар тогтносон Монгол Улсыг сэргээн тунхагласан баярын өдөр, долдугаар сарын 8 нь Монгол оронд Бүгд найрамдах засгийг тунхагласан баярын өдөр, долдугаар сарын 11-нийг 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын ялалтын баярын өдөр хэмээдэг. Монгол төрийн баяруудыг түүхэн үнэнд нийцүүлэн хуульчилж, түмэн төөрөгдөл, мянган хоцрогдлоос гарахад эрдэмтэн судлаачдын санаачилга, улстөрчдийн хүчин чармайлт, улс төрийн намуудын хүсэл зориг чухал байна.
Түүхийн ухааны доктор, ШУТИС-ийн багш Х.МӨНХБАЯР