Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн өрөөнүүд халаалтгүйн улмаас дөнгөж төрсөн ээжүүд гам алдаж байна. Уг мэдээллийн дагуу тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үржинхандтай утсаар холбогдож нөхцөл байдлыг тодрууллаа.
-Дөнгөж төрсөн ээжүүд эмнэлгийн хүйтэн өрөөнд гам алдаж байна. Та бүхэн үүнд хэрхэн анхаарч байна вэ?
-Манай нэгдсэн эмнэлгийн харьяа 50 ортой гурван давхар барилга байдаг. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн мэргэжилтнүүд, Дулаан хангамжийн байгууллагын төлөөлөлтэй хамтран өчигдөр хяналт шалгалтыг газар дээр нь хийлээ. Шалгалтаар дөнгөж төрсөн ээжүүдийн өрөөний температур 14, 15 градус байна гэсэн үнэлгээ гарлаа. Огт халаалтгүй байгаа биш. Гэхдээ стандартын шаардлагаас доогуур байгаа юм. Эхний ээлжид бид дулаан хангамжийн байгууллагад халаалтыг хэмийг нэмэх стандартад нийцүүлэх шаардлага хүргүүлсэн. Мөн өдөр бүр өрөөний дулааныг хэмжиж, дулааны хангамжийг нэмэх үүрэг өгсөн.
-Урьд өмнө аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс энэ асуудлыг шийдэж болоогүй юм уу. Та ажлаа хэзээ хүлээж авсан бэ?
-Би ажлаа аваад долоо хонож байна. Амаржих газрын барилгыг 2014 онд шинээр ашиглалтад оруулсан. Барилга байгууламжийн тухайд ашиглалтад ороод удаагүй. Гол нь халаалтыг стандартын дагуу өгөхгүй байна. Эмнэлгийн төсөвт дулааны тогтмол зардал тусгадаг. Төсөв хангалттай.
-Сард хэчнээн төгрөгийг дулаан хангамждаа зарцуулдаг вэ?
-Би тэрийг хэлж мэдэхгүй. Одоогийн байдлаар Завханд өвлийн эд хүйтэн биш, дулаахан байна.
-Завхан өвөлдөө их хүйтэн байдаг. Их хүйтэрвэл төрсөн ээжүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болов уу?
-Дулаан хангамжийн байгууллагаас халаалтыг өвлийн эд хүйтэн болоогүй байгаа дээр чанарын стандартад нийцүүлж өгөхийг шаардсан. Хэрэв бидний шаардлагыг хангаж чадахгүй бол дараагийн шатны арга хэмжээг авна гэж бодож байна.
-Нутгийн иргэдээс тодруулахад, өмнөх жилүүдэд ч ийм байсан гэх юм. Энэ чигээрээ байсаар байх юм уу?
-Би ерөнхийд нь бүх гомдол, мэдээллүүдийг нэгтгэж, харсан. Амаржих эмнэлгийн 3 давхарт халаалт дулаан алдагдалтай байна. Хана, цонхоор дулаан алдаад байгаа.
-Энэ барилгыг ямар компани барьсан юм бэ?
-“РСТ” ХХК-ийнхан төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, Улсын коммист хүлээлгэж өгсөн. Тухайн үед дулааныг алдагдалтай байгааг хэлж засуулах үүрэг өгсөн. Гэхдээ өнөөдөр нөхцөл байдал ийм болчихоод байна.