Дэлхий нийт хогийг хэрэгцээгүй хаягдал гэхээс илүү дахин ашиглах боломжтой баялаг хэмээн хардаг болоод удлаа. Өмнө нь хуванцар, шил, лааз, цаас, гялгар уут зэрэг цөөн төрлийн түгээмэл хаягдлыг боловсруулж, үйлдвэрлэлийн түүхий эдээр ашигладаг байсан бол орчин цагт бараг бүх хогийг “хувиргаж” байна. Боловсруулахад бэрх, тээвэрлэлтийн зардал өндөр хэмээн гологддог барилгын хатуу хог хаягдлаас эхлээд хүнсний үлдэгдэл, гологдлыг хүртэл хөдөө аж ахуйн “ногоон” бүтээгдэхүүн болгож ашигладаг сайн жишиг, суралцам туршлага олон улсад олшров. Харин манай улсад хог хаягдал бууруулах, ангилан ялгах, менежментийг сайжруулах, дахин боловсруулах үйлдвэр болон түүхий эд нийлүүлэгчдийг холбох зорилготой цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн ч тэр хэрээр үр дүн гарч, иргэдийн хандлага өөрчлөгдсөн үү гэвэл үгүй. Үүний нотолгоо нь нийслэл төдийгүй орон нутгийн хэмжээнд орчны бохирдол тулгамдсан асуудал болоод байна.
Орчны бохирдол ихсэхэд нөлөөлж буй хоёр гол хүчин зүйл бий гэж салбарын мэргэжилтнүүд тодорхойлдог. Нэгдүгээрт, Монголд дахин боловсруулах үйлдвэр хөгжөөгүйтэй холбоотой. Энэ чиглэлийн үйлдвэр (цөөн бий)-ийн үйл ажиллагаа, эрх эшгийг хамгаалсан дорвитой бодлого, дэмжлэг байдаггүй учир бүтээмжтэй, тогтвортой ажиллаж чаддаггүй. Тэр хэрээр үйлдвэрт “очих” хаягдлын хэмжээ бага. Хоёрдугаарт, иргэдийн экологийн боловсролын түвшин муу, хандлага дорой. Хогийг ердөө хэрэгцээгүй зүйл гэсэн хэвшмэл, хоцрогдсон өнцгөөс хардаг бөгөөд хаа таарсан газартаа хаядаг зуршилтай. Үүний нөлөөгөөр эзгүй хээрээс эхлээд түүхэн, дурсгалт, байгалийн үзэсгэлэнт, төрийн тусгай хамгаалалттай газрууд хүртэл “хогийн цэг” болж хувирдаг. Энэ асуудлыг хөнддөг, дуугардаг хүн олон ч үгээр бус, үйлдлээрээ тэмцдэг нь цөөн. Байгалиа хайрлая, хогоо зориулалтын газарт нь хаяя гэж уриалдаг иргэн өчнөөн ч бодитоор хэрэгжүүлдэг нь түүнээс бага.
Энэ бүхнийг (дээрх) дурдсан нь манай улсын хог хаягдлын салбарын өнөөгийн байдлыг таниулах зорилготой. Цаашлаад хог хаягдлын асуудалд зөвхөн төр, засаг, холбогдох байгууллагынхан санаа тавих ёстой гэсэн өрөөсгөл хандлагыг халсан, орчны бохирдлыг бууруулахад иргэд хэр зэрэг чухал нөлөөтэйг баталсан нэгэн санаачилгыг онцлох болсонтой холбоотой юм. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумынхан хог хаягдалтай үгээр бус, үйлдлээр тэмцсэн туршлагаараа зэргэлдээх сум суурин төдийгүй аймагтаа үлгэрлэжээ. Тэд “Хонио хариулангаа хогоо түүе” аяныг сарын хугацаанд өрнүүлж, олон газрыг хур хог, орчны бохирдлоос ангижруулсан байна.
Өмнөдэлгэр сумын Засаг даргын орлогч С.Шижирбаатар “Тус аяныг нутгийн иргэн Б.Буянбат, Ц.Наранчимэг нар санаачилж, санхүүжүүлсэн бол ЗДТГ зохион байгуулалтыг нь хариуцаж, иргэдийг идэвхтэй хамруулахад анхаарч ажиллалаа. “Ойр орчныхоо хогийг түүе, байгалиа хамгаалъя” гэж хий хоосон уриалаад өнгөрөх бус, бодитой, үр дүнтэй зүйл хийе гэдэг саналыг санаачлагчид дэвшүүлсэн юм. Ингээд сумынхаа зургаан багийн дунд хоёр сая төгрөгийн шагналын сантай болзолт уралдаан зарлахаар шийдсэн. Иргэдийн идэвх оролцоог сайжруулахын тулд нэлээд ач холбогдол өгсөн. Уралдааны удирдамжийг боловсруулж, түүнийгээ албажуулсан. Цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл түгээлээ. Үүний үр дүнд иргэд маш их идэвх чармайлт гаргасан.
Сарын хугацаанд өрнүүлсэн аянд зургаан багийн төлөөлөл бүхий 256 хүн 91 тээврийн хэрэгсэлтэй оролцжээ. Нийт 69 га талбайг хамруулан, 89.6 тонн хог түүж, сумын төвийн төвлөрсөн цэгт хаясан байна. Энэ бол чамлахааргүй үзүүлэлт, амжилт юм. Төсөв хүрэлцээгүй учраас орон нутаг жил бүр тогтмол хөрөнгө хуваарилаад, хог хаягдлын асуудлаа бие даан шийдэж чаддаггүй. Энэ удаагийнх шиг олон хүн хамруулж, их хэмжээний талбайг цэвэрлэх боломж хязгаарлагдмал. Харин “Хонио хариулангаа хогоо түүе” аяны санхүүжилтийг нутгийн иргэд (нэгэн гэр бүл) хариуцсан нь онцлог байлаа. Шагналын сан, үйл ажиллагааны зардалд нийт 2.4 сая төгрөг зарцуулсан. Ийм хэмжээний зардлаар 69 га талбайг хоггүй, цэмцгэр болголоо. Олон булаг, шандыг бохирдож, ширгэхээс хамгаалж, хур хог үүссэн газруудыг “эмчиллээ”.
Эл аянд тэргүүлсэн Баянзүрх багийг нэг сая, удаах байрт орсон Чандганыг 600, Хэнтийг 400 мянган төгрөгөөр урамшуулсан. Хамтын хүч хөдөлмөрийн үр дүнд олсон мөнгөө багийн иргэд хэрэгтэй зүйлд, тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулж буйг харах, сонсох сайхан байна. Тухайлбал, нэг нь шагналын мөнгөөрөө Багийн төвийн байрныхаа дээврийг засаж, шинэчилсэн” хэмээн ярив.
Аяныг санаачлагч Ц.Наранчимэг “Нөхөртэйгөө хөдөө явж байхдаа ойр орчноо анзаартал малын бэлчээр, эзгүй газар гэлтгүй энд тэндгүй хог харагдсан. Ундаа, усны сав, гялгар уут, цаас хаа сайгүй хөглөрч байсан нь тааламжгүй сэтгэгдэл төрүүлсэн юм. Хонио хариулж яваа малчид түүнийг ажрах ч үгүй, зарим нь хогны хажууд унтаж байлаа. “Ингэж зүгээр сууж, унтаж байхаар эргэн тойрныхоо хогийг цэвэрлэж болдоггүй хэрэг үү” гэсэн бодол тухайн үед төрсөн. Энэ эмзэглэл, дүр зургаас үүдээд бид “Хонио хариулангаа хогоо түүе” аяныг санаачилсан юм. Эхэндээ иргэдийн түүсэн хогийг тодорхой өртгөөр үнэлж, худалдаж авъя гэдэг шийдлийг ярилцаж байсан ч хэрэгжүүлээгүй. Үр дүнгээр нь үнэлж, урамшуулах нь оновчтой санагдсан учраас багуудын дунд болзолт уралдаан зарласан” гэв.
“Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлж, хогоо байгальд, зориулалтын бус газарт ил задгай хаядаг сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх нь хамгийн чухал. Ингэж чадаагүй цагт та бүхний цэвэрлэсэн газар дахиад л бохирдоно шүү дээ” гэхэд тэрбээр “Хог хаягдлаас ангижрах, энэ асуудлыг бүрмөсөн шийдэх оновчтой арга хэмжээг орон нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу. Зарим төрлийн хаягдлыг дахин боловсруулж, ашиглаж болдгийг иргэдэд ойлгуулж, тэдгээрийг худалдаж авдаг газруудыг орон нутагтай хамтран ажиллах боломж нөхцөлөөр хангавал үр дүнтэй. Энэ чиглэлийг нэлээд сонирхож байгаа. Бид цаашид энэ аянаа жил бүр зохион байгуулахаар төлөвлөсөн. Ялангуяа хавар цас хайлж, хог ил гарч, хөрсний бохирдол ихэсдэг үеэр өрнүүлбэл илүү тохиромжтой” хэмээв.
Урин дулаан цагт олны хөлд дарагддаг, тэр хэмжээгээрээ ихээхэн бохирдсон газар бол Балданбэрээвэн хийд гэнэ. Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутагт орших эл түүхэн дурсгалт газар хур хог, бохирдол үүссэн байсныг дээрх аяны хүрээнд цэвэрлэжээ. Угаасаа аяны гол зорилтот бүсүүдийн нэг нь энэ байж. С.Шижирбаатар дарга “Би өмнө нь байгаль орчны чиглэлээр ажиллаж байсан учраас тус хийд орчимд үүссэн бохирдлын асуудалд сэтгэл зовниж ирсэн. Энэ газрыг цэвэрлээд, хогноос нь ангижруулчих юм сан гэж боддог байлаа. Нутгийн иргэдийн санаачилга, хамтын хүчээр хэрэгжүүлж чадлаа. Сүсэгтэн олны өргөсөн идээ, будаанаас эхлээд цаас, даавуун хаягдал маш их байсан. Түүсэн нийт хог хаягдлын тал буюу 40 гаруй тонн нь тэр орчмынх. Цаашид тухайн бүсэд хатуу хяналт тавьж, шалгалт тогтмол хийхээр болсон” гэж мэдээлэв.
Аймаг, сумдын ерөнхий байр байдлыг ажихад асран хамгаалагчаасаа анхаарал халамж нэхсэн бага насны хүүхэд шиг төрийн санаачилга хүлээсэн, төсөв царайчилсан хандлага хаа сайгүй. Хэрэгжүүлж байгаа ажил нь ихэвчлэн олон улс болон дотоодын төсөл, хөтөлбөрийн далбаан доор явдаг. Их цэвэрлэгээ, байгаль хамгааллын ажлыг ихэвчлэн хэн нэг даргын тушаал, шийдвэр, эсвэл тэмдэглэлт өдрийн хүрээнд хийдэг. Харин Өмнөдэлгэр сумынхны энэ жишээ хийх хүнд арга, хийхгүйд нь шалтаг олддог гэдэг үгийн утгыг жинхэнээр харуулав. Хийе, бүтээе гэсэн хүсэл эрмэлзэл байгаад, нэг зорилгын доор гар, сэтгэл нэгдэн ажиллаж чадвал иргэд ямар их зүйл хэрэгжүүлж, ойр орчиндоо өөрчлөлт авчирдгийг нотоллоо. “Хонио хариулангаа хогоо түүе” гэдэг уриа зөвхөн малчдад бус, ерөөс хүн бүрт хамаатай. Нутаг орноо, оршин буй газраа хайрлан хамгаалах боломж хүн бүрт байдаг шиг ямар орчинд амьдрах нь мөн таны сонголт, үйлдлээс хамаардаг гэлтэй.