Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулдаг төрийн байгууллага цөөнгүй бий. Тэдгээрийн нэг нь Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ). Тус газрын Дуудлагын төвийн долоон ажилтны хоёр нь харааны бэрхшээлтэй. Тэдний нэг П.Эрдэнэбат гурван жил хагас, Т.Ариун-Эрдэнэ жил гаруйн хугацаанд ажиллаж буй юм байна. НДЕГ нэгдүгээрт, төрийн байгууллагын хувьд үүргээ биелүүлж, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангадаг. Тус хуулийн 111-т “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна” гэж заасан байдаг. Хоёрдугаарт, эднийх бусадтай харьцуулахад онцлогтой байгууллага. Өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг хүнтэй илүүтэй харилцдаг.
Тиймээс үйлчлүүлэгчдийг сайн ойлгох, асуудал, бэрхшээлийг нь оновчтой шийдэх хүмүүс ажиллуулахыг зорьдог аж. Тиймээс л Дуудлагын төвдөө харааны бэрхшээлтэй хоёр залууг ажиллуулсаар багагүй хугацаа өнгөрүүлжээ. Мөн ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс нийгмийн даатгалын салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хоёр хүнийг ч тус төвд ажиллуулдаг юм билээ. Энэ салбарт анхан шатнаас нь эхэлж хөдөлмөрлөсөн тэдний мэдлэг, чадварыг ашиглахын зэрэгцээ тэтгэврийн насандаа орлогоо нэмэгдүүлэх сонирхлыг нь ийнхүү дэмждэг байна.
Харааны бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах шийдвэр гаргахдаа эхэндээ нэлээд эмээж байснаа тус газрын удирдлага хэлсэн. Яагаад гэвэл Дуудлагын төвийн ажиллагсад иргэдтэй шууд харилцаж, Нийгмийн даатгалын тухай хуулийн талаар мэдээлэл, зөвлөгөө, тайлбар өгдөг. Мэдээллийг буруу түгээснээс үүсэх сөрөг үр дагавар их. Тийм учраас хариуцлагатай ажлыг тэдэнд даалгах нь зөв үү, буруу юу гэдэг талаар ч ярилцаж байжээ. Гэсэн ч хэлэлцээд, олны саналаар шийдсэнээр анх ажилд авчээ. Ажилтнууд нь итгэл алдаагүй, анхнаасаа үүргээ сайн гүйцэтгэсэн бөгөөд өнөөг хүртэл ямар нэгэн зөрчил гаргаагүй, олон нийтийн зүгээс тэдний нэр дээр гомдол ирүүлээгүй аж. НДЕГ-ын Үйл ажиллагааны хөгжлийн хэлтсийн дарга М.Гэрэлмаа энэ талаар “Эмээх хэрэггүй гэдгийг удалгүй ойлгосон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахын давуу тал их. Өмнө нь нийгмийн даатгалын салбарт хөгжлийн өөр бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байсан л даа. Харин харааны бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулжбуй нь анх удаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдаас дутуу биш, харин ч олон давуу талтай байдгийг ойлгосон. Тухайлбал, харааны бэрхшээлтэй иргэд бусадтай харьцуулахад ой тогтоолт сайтай, аливааг хурдан сурч, дадлагаждаг, мөн биеэ их дайчилдаг. Далд мэдрэхүй, чадвар нь илүү хөгжсөн, эмх цэгцтэй сэтгэдэг давуу талтай нь ажиглагдсан. Ялангуяа П.Эрдэнэбат бол туршлагатай операторуудын нэг. Тогтвортой сайн ажиллаж байгаа. Т.Ариун-Эрдэнийн хувьд ажиллаад удаагүй ч богино хугацаанд дадлагажиж, ажилдаа дадсан” хэмээн ярив.
НДЕГ-аас тэдний ажиллах нөхцөлийг нь сайжруулах, сэтгэл ханамжтайгаар үүргээ гүйцэтгэх боломж бүрдүүлэхэд ихээхэн анхаардагаж. Тухайлбал, нийгмийн даатгалын тухай ерөнхий ойлголт өгөх гарын авлагыг тэдэнд зориулж брайл үсгээр хэвлүүлсэн байна. Ажилтнуудаа компьютероор хангаж, хөл хорионы үеэр гэрээсээ ажиллах боломж олгон, Дуудлагын төвийн үйлчилгээний шугамыг гар утастай нь холбожээ. Дуудлагын төвийн ажилтан П.Эрдэнэбат энэ талаар ярих үедээ “Бидэнд тоног төхөөрөмж талаас дутуу зүйл байхгүй” гэлээ. Түүнчлэн Т.Ариун-Эрдэнэ “Би НДЕГ-т ажилладагтаа баярладаг. Сайхан хамт олны бүх талын дэмжлэгээр дутах зүйлгүй ажилладаг. Манайхан үе үе баярлуулна аа. Аравдугаар сарын 15-нд Цагаан таягтны өдрөөр мэндчилгээ илгээсэн. Бас шагнаж урамшуулсан. Хамт олон, удирдлагын зүгээс ингэж баярлуулахад итгэлийг нь алдахгүй ажиллаж байх сан л гэж боддог. Би өмнө нь төрийн бус байгууллагад ажилладаг байлаа. НДЕГ-т анх ирэхдээ дассан орчноос минь хэр өөр байх бол гэж бодсон. Тэгтэл харааны бэрхшээлтэй хүн гэж өрөвдсөн, бусдаас доогуур үнэлсэн хандлага ер гаргаагүй нь сайхан санагдсан” хэмээсэн юм.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулиар ямар нэгэн боломж олгодог уу” гэж М.Гэрэлмаа даргаас асуухад “Төрийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ л биелүүлж байна шүү дээ. Түүнээс биш ямар нэгэн боломжийн төлөө тэднийг ажиллуулдаггүй. Иргэн гурван жил хагас орчим хугацаанд нэг ажлаа хийвэл ажлын байр тогтвортой гэж үздэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тогтвортой ажлын байраар хангах нь бидний гол зорилго” гэлээ.
Арай олон жил ажилласнаар нь П.Эрдэнэбатаас хэд хэдэн зүйлийг тодруулсан юм. Тэрбээр төрөлхийн хараагүй юм билээ. Эцэг, эхээс тавуул бөгөөд нэг дүү нь мөн харааны бэрхшээлтэй. Ерөнхий боловсролын сургууль, ХААИС-ийн Эдийн засгийн сургуулийн маркетингийн анги дүүргэсэн тэрбээр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн компьютерын ангид суралцаж төгсжээ. 2010 оноос тус холбооны дэргэдэх брайл хэвлэлийн төвд редактороор, 2012 оноос мөн тус холбооны дэргэдэх “Бэст ФМ-98.5”-д найруулагчаар ажилласан гэнэ. Хараагүй иргэдийг ажилд зуучилдаг хөдөлмөрийн биржтэй болъё гэсэн санал холбоондоо тавьсан нь дэмжигдсэнээр орон тооны нэг хүн ажиллуулах болж. Тэр ажилтан идэвх зүтгэлтэй ажилласны үр дүнд П.Эрдэнэбатыг олон нийтийн санал гомдлыг хүлээн авах 1111 дугаарын утасны оператороор туршилтаар ажиллуулахаар болсон аж. П.Эрдэнэбат үүргээ маш сайн гүйцэтгэсэн тул холбооныхон нь НДЕГ-т хандаж, түүнийг ажиллуулах санал тавьсан юм билээ. Ингэж тэрбээр Дуудлагын төвийн ажилтан болжээ.
Дуудлагын төвийнхний ажил их. Өдөрт багадаа 60 хүнд Нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд зөвлөгөө өгдөг юм байна. Компьютерт суулгасан, англиар ярьдаг программ тэдэнд тусалдаг. Дэлгэцнээс мэдээлэл унших хэрэг гарахад тэрхүү программ юу гэж байгааг нь дуу авиагаар хэлж өгдөг юм байна. Өөрөөр хэлбэл дэлгэц уншдаг төхөөрөмж бэлдэж өгсөн гэсэн үг. Ер нь байгууллагууд, үүнийг уншиж буй та ч энэ мэтчилэн хөгжлийн бэрхшээлтэй хүнд орчин, нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл тэд чин сэтгэлээсээ, үнэнчээр ажиллах болно. Маш тогтвортой хүний нөөц мөн юм.
Дуудлагын төвд иргэдээс ирүүлдэг асуулт олон янз аж. Тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, эрүүл мэндийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын гэсэн таван төрлийн сантай холбоотой асуулт бүхэнд хариу өгдөг. Одоогийн байдлаар “Ковид-19”-өөр өвдсөн хүмүүс хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж хэрхэн авах талаар асуух нь элбэг байгаа аж. Мөн хаа сайгүй цомхотгол хийж буйтай холбоотойгоор иргэд ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой асуулт ч их тавьж буй гэнэ. Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авахын тулд нийт 24 сар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, түүнээс сүүлийн есөн сар нь тасралтгүй ажилласан, бүрдүүлэх материалын тухайд тушаал эх хувиараа, сүүлийн хоёр жилд шимтгэл төлсөн тухай лавлагаа байх ёстой гэх зэргээр хариулдаг. Нийгмийн даатгалын тухай болон хамаарах бусад хуулийн талаар бүрэн мэдлэгтэй байж иргэдийн асуултад ийнхүү хариулж, зөвлөнө.
М.Гэрэлмаа даргын хэлсэнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хариуцлагатай байдаг аж. Энэ давуу талыг нь олон ажил олгогч ойлгож, хүлээн зөвшөөрөн, Хөдөлмөрийн тухай хуулиа хэрэгжүүлээсэй, урам зоригтой, мэргэжил, боловсролтой залуусыг дэмжээсэй. Нэг хүнийг ажлын байраар хангах нь нэг гэр бүл, цаашлаад нийгмийн хөгжилд оруулж буй томоохон хувь нэмэр билээ.