“Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг өнгөрсөн онд шинэчлэн баталсан. Мөн манай улсын иргэд гадаадын зарим улс руу зорчиход хүндрэл үүсээд буй. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс дээр дурдсан асуудлыг тодруулж, товч ярилцлаа.
-Шинэ журмаар албан болон дипломат паспорт эзэмшигчид хүлээлгэх хариуцлагыг чангатгана хэмээсэн. Үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?
-Засгийн газраас шинэчилсэн журмын хүрээнд албан болон дипломат паспорт эзэмшигчид хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, шалгуурыг өндөрсгөсөн. Мөн төрийн албан хаагчдын албан болон дипломат паспортуудыг хадгалж, ашиглалтад хяналт тавих чиг үүргийг Гадаад харилцааны яам хэрэгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, албан болон ажлын шугамаар гадаадад зорчих бол дипломат паспорт эзэмшиж буй төрийн албан хаагч томилолтоор ажиллах тухайгаа харьяа байгууллагаараа дамжуулан хүсэлт гаргана. Тус хүсэлтэд үндэслэн маай яамнаас албан болон дипломат паспортыг түр олгохоор журамд тусгасан.
-Хилээр нэвтэрсэн дариудаа дипломат паспортоо хураагахгүй бол эрхзүйн ямар үр дагавар үүсэх вэ?
-Тухайн паспортыг эзэмшигч төрийн албан хаагч томилолтоор яваа тухай нотлох баримтыг Монгол Улс болон гадаадын хилийн боомтуудад шалгуулна. Мөн Монгол Улсын хилээр нэвтэрсэн даруй паспортоо хилийн боомтод хураалгах юм. Улмаар хураасан паспортыг Гадаад харилцааны яаманд хүргүүлнэ. Хэрэв хилийн боомтод паспортыг хураалгахаас татгалзсан тохиолдолд дахин албан болон дипломат паспорт олгохгүй. Өнөөдрийн байдлаар, Засгийн газрын тогтоол үндэслэн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, эсхүл өөр албанд шилжсэн 806 дипломат паспортыг хүчингүй болгож, олон улсын Эрүүгийн цагдаагийн албаны цахим мэдээллийн санд холбогдох мэдээллийг хүргүүлсэн. Иргэд хүчингүй болсон паспорттой эсэхээ www.consul.mn цахим хуудсаар нэвтэрч шалгаж болно.
-Өнөөдрийн байдлаар манай улсын хэчнээн иргэн гадаадад ажиллаж, суралцаж байгаа вэ. Мөн нутагтаа түр ирсэн оюутнууд буцахад хүндрэл үүссэн. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-170 000 гаруй иргэн гадаадын 90 улсад ажиллаж, сурч байна. Үүнээс 46 000 нь оюутан. Сүүлийн хоёр жилд дэлхий дахин цар тахал гарсны улмаас хүндрэл үүслээ. Зарим оюутан тухайн улсынхаа хилийн хязгаар, хоригийн дагуу танхимаар сурах нь хязгаарлагдсан. Засгийн газар үүнд анхаарсны дараа ОХУ-д сурах оюутнууд аравдугаар сард сургууль руугаа буцсан. БНСУ, Японд Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй Монгол Улсын оюутнууд зохих хугацааны сургалтын визтэй бол саадгүй нэвтрүүлж эхэлсэн.
-БНХАУ-д сурч буй оюутнууд хоёр жил гацлаа яах вэ?
-БНХАУ-ын тал ганц Монгол бус гадаадын бүх орны оюутныг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс тус улсад суралцаж буй Монгол оюутнуудыг нэвтрүүлэхгүй байгаа. Үүнээс гадна тус улсад байнга ажиллаж амьдардаг болон хятад иргэнтэй гэр бүл болсон, зайлшгүй эмчлүүлэх шаардлага иргэдэд байнга анхаарал тавьж буй. Одоогийн байдлаар 260 гаруй иргэн БНХАУ-д зорчих хүсэлтээ гаргасан. Тодруулбал, хятад иргэдтэй гэр бүл болсон хүүхэдтэй 129, хамтран амьдрагч статустай 32, хөдөлмөр эрхэлдэг 70, эмчлүүлэх шаардлагатай 30 иргэн бий.
-Манай иргэд гадаадад зорчиход дархлаажуулалтын хувьд ямар шаардлага тавьж байгаа вэ. Тухайлбал, иргэд "АстраЗенека", "файзер", "вероселл", "спутник-V" вакцинаас сонгож хийлгэсэн. Гэтэл БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрөхгүй байна гэх мэдээлэл байна.
-ДЭМБ-аас хүлээн зөвшөөрч, бүртгэсэн аль ч вакцины гэрчилгээтэй байсан олон улсад хүчин төгөлдөр үйлчилнэ. Тухайлбал, "вероселл" вакцин сонгож дархлаажуулалт хийлгэсэн бол энэ нь хилийн чанадад зорчиход бэрхшээл учруулахгүй "АстраЗенека", "файзер"-тай адил хүчин төгөлдөр үйлчлэх учиртай. Харин дэлхийн зарим улс "спутник-V" вакциныг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн байсан.
-Манай улсын хэчнээн иргэн гадаадад ял эдэлж байна вэ?
-Манай иргэд гадаадад сурах хөдөлмөр эрхлэх, аялах нь сүүлийн 20 жилд тогтмол өссөн. Гэхдээ бусдад залилуулах, эрх ашиг нь хохирох гэмт хэрэгт өртөх, эрүүгийн хэрэгт холбогдох, ял шийтгүүлэх нь нэмэгдсэн. БНХАУ, БНСУ, Турк, ОХУ, Куб, Чех, Швед, АНУ, Вьетнам улсад манай 153 хүн ял эдэлж байна. Хилийн чанадад ял эдэлж буй иргэдээ Монголын Дипломат төлөөлөгчийн газрынхан жилд 1-2 удаа эргэж, уулзаж, санал бодлыг нь сонсдог. Зохих тусламж үзүүлдэг. Үүнтэй холбоотой зардлыг Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас санхүүжүүлдэг. Саяхан Монгол Улсын иргэдэд туслах сангийнхан хуралдаж, БНХАУ-ын Гуандун, Тяньжин, Гансуд ял эдэлж буй 11 иргэнээ эргэхээр болсон. Улмаар 2.2 сая төгрөг шийдвэрлэж, БНХАУ-ын Бээжин дэх Элчин сайдын яаманд иргэдээ эргэх үүрэг өгсөн.