Гадаадын санхүүгийн дэмжлэггүй үлдэх аюул Суданы цэргийнхний нэг сарын өмнө огцруулсан Ерөнхий сайд Абдалла Хамдокийн албан тушаалыг сэргээхэд хүргэв. Гэвч төрийн эргэлт хийх гэсэн цэргийнхний оролдлогыг бүтэн сарын турш эсэргүүцсэн иргэний нийгмийн төлөөлөгчид жагсаал, цуглаанаа үргэлжлүүлэхээр шийджээ. Жагсагчид, цагдаагийнхан хоорондын мөргөлдөөний улмаас нэг сарын хугацаанд 40 орчим хүн амь эрсэдсэн байна.
Суданы Тусгаар тогтнолын зөвлөлийн тэргүүн Абдель-Фаттах аль-Бурхан нь Абдалла Хамдоктой гэрээ байгуулж, түүнийг Ерөнхий сайдаар ажиллуулах болжээ. Гарын үсэг зурах ёслолд генерал аль-Бурханы орлогч бөгөөд түүний өрсөлдөгч, Түргэн шилжин байрлах хүчний тэргүүн Мухаммед Хамдан Даклу оролцов. 14 заалт бүхий баримт бичигт улс төрийн бүх хоригдлыг суллах, шилжилтийн эрх барих байгууллагууд, үндэсний нэгдсэн арми, Үндсэн хуулийн шүүхийг яаралтай эмхлэн байгуулах, тэрчлэн иргэний болон цэргийн хүчнүүдийн хооронд хоёр жилийн өмнө хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхээр тусгасан аж. Абдалла Хамдок 2023 оны долдугаар сард товлосон парламентын сонгууль хүртэл Засгийн газрын тэргүүнээр ажиллана.
Абдалла Хамдок Хартум дахь Ерөнхийлөгчийн ордонд болсон гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр “Хэлэлцээр байгуулснаар шилжилтийн үеийн бүх асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх үүд хаалга нээгдэж байна” гэв. Улс оронд нь цус урсаж буйг таслан зогсоохын тулд Ерөнхий сайдын суудалдаа эргэн ирэх шийдвэр гаргасан гэдгээ тэрбээр онцолжээ. “Энэ хэлэлцээр нь дотоод, гадаадаас учирч буй бэрхшээлийг арилгаж, ардчилалд шилжих замыг сэргээхэд тусална” гэж Абдалла Хамдок тэмдэглэв. Генерал аль-Бурхан нь Абдулла Хамдокт талархал илэрхийлж, түүнийг найдвартай хамтрагч хэмээжээ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн сарын 25-нд генерал Абдель-Фаттах аль-Бурхан Засгийн газар болон Тусгаар тогтнолын зөвлөлийг тараасан юм. Засаглалын хоёр салаа хоорондын зөрчилдөөн нь тус улсын тогтвортой байдлыг алдагдуулж байгаа учир тийм шийдвэр гаргаснаа тэрбээр мэдэгдсэн. Үнэн хэрэгтээ, Ерөнхийлөгч Омар аль-Баширыг огцруулж, улмаар шилжилтийн үеийн цэрэг, иргэний нийгмийн хооронд буулт хийснээс хойш хоёр жилийн хугацаанд тус улсыг Тусгаар тогтнолын зөвлөл, Засгийн газар хоёрын аль нь удирдахыг эрх барих янз бүрийн салбаруудын төлөөлөгчид шийдэж чадаагүй байна. Үүний улмаас цэргийнхэн эрх мэдлийг бүрэн гартаа авахаар шийдэж, Абдалла Хамдокийг Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулж, гэрийн хорионд оруулсан билээ.
Цэргийнхний эл үйлдлийг АНУ, Европын Холбоо болон Африкийн хэд хэдэн орон эрс шүүмжилсэн юм. Хоёр жилийн өмнө хүрсэн тохиролцоогоо биелүүлэхийг тэд шаарджээ. Эс бөгөөс эдийн засгийн хүнд байдалтай Суданд амласан санхүүгийн дэмжлэгээ үзүүлэхгүй гэсэн юм. Хартумд тусламж үзүүлэхээс түдгэлзсэнээ Дэлхийн банк болон Вашингтон хэдийн мэдэгдсэн. ОХУ-ын шахалтаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Суданы цэргийнхнийг буруутгаагүй ч сөргөлдөгч талуудад яриа хэлэлцээ хийхийг уриалсан билээ. Тийнхүү энэ сарын 11-нд Абдель-Фаттах аль-Бурхан иргэний Засгийн газар байгуулахаар амлаж, өөрөө болон цэргийнхнийг багтаасан Тусгаар тогтнолын шинэ зөвлөлийг тангараг өргүүлсэн. Хэлэлцээ үргэлжилсээр Абдалла Хамдокийн албан тушаалыг сэргээснээр дуусжээ.
Хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа цэргийнхний шийдвэрийг эсэргүүцэж, Ерөнхий сайдаа хамгаалан сарын турш жагсагчид А.Хамдокийг урвагч хэмээсэн байна. Уг баримт бичигт жагсагчид амь үрэгдсэн бүх тохиолдлыг мөрдөн шалгахаар тусгасан ч сөрөг хүчнийхэн үүнд итгэхгүй байна. 2019 онд Ерөнхийлөгч асан Омар аль-Баширыг огцруулахын өмнө болон огцруулсны дараа жагсагчид амь үрэгдсэн хэрэгт гэм буруутай этгээдүүдийг өнөө болтол шийтгээгүй байгаа аж.
Сөрөг хүчний “Эрх чөлөө, өөрчлөлтийн төлөө хүчин” хөдөлгөөний төлөөлөгчид эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлж, өнгөрсөн сард төрийн эргэлт хийсэн хүмүүсийг шүүхийг шаардаж байна. Абдель-Фаттах аль-Бурханы талынхан иргэний хүчнийхнээс бус, Вашингтоноос, тодруулбал, хориг арга хэмжээ, санхүүгийн тусламжгүй болохоос эмээсэн гэж ажиглагчид үзэж буй.