Монгол романс дэлхийд. СУИС-ийн “Оюутан” театрт ийм нэртэй тоглолт, тус сургуульд багшаар ажилладаг болон бусад хөгжмийн зохиолч, мөн яруу найрагчдыг “дайчилж” бүтээлгэсэн 10 романсыг хүлээж авах, түмэнд түгээх арга хэмжээ болсон нь сонирхолтой байлаа. Уг төслийг тус их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн онолын тэнхимийн багш, хөгжмийн зохиолч Г.Төвшин төр санаачлан, бусад нь дэмжиж, төв сургуулиас нь санхүүжүүлж хэрэгжүүлжээ.
Романс бол дууны ч, хөгжмийн ч төрөлд багтдаг бүтээл. Дуутай харьцуулахад хэмжээгээр илүү гарахгүй байж болох ч утга, агуулга гүнзгий, хөгжмийн зохиолчоос мэдлэг, мэдрэмж, мэргэжлийн дуучнаас ур чадвар шаардсан төрөл юм. Хэлбэр ч бас олон байдаг аж. Суутнуудаас П.И.Чайковский, С.Рахманинов нарын гайхамшигт романсуудыг бид мэддэг. Монголын хөгжмийн зохиолчид мөн туурвиж ирсэн. Энэ төрөлд олон бүтээлтэй нь Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч, судлаач, доктор Н.Жанцанноров гэдэгтэй олуул санал нийлэх буй за. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав мөн хөгжмийн урлагт жин дарах романсуудтай. Манай улсын бусад хөгжмийн зохиолч ч тус бүртээ энэ төрлийн бүтээлтэй. Тэгвэл энэ удаа хэн хэн ямар романс туурвив, төрүүлэв.
Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од яруу найрагч, “Болор цом”-ын эзэн П.Нямлхагвын “Нар” шүлэгт хөгжим зохиосныг ДБЭТ-ын гоцлол дуучин, олон улсын уралдаануудын шагналт, баритон Б.Монголхүү үзэгчдэд хүргэв.
Хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш Ш.Өлзийбаяр яруу найрагч Ш.Лхамноржмаагийн “Цагийн наран” шүлэгт хөгжим зохиожээ. Энэхүү бүтээлийг мөн ДБЭТ-ын гоцлол дуучин, олон улсын уралдаануудын шагналт, тенор Д.Эрдэнэ-Очир дууллаа.
Хөгжмийн зохиолч Д.Батсүх болбол яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн “Тогорууны дууль”-д хөгжим зохиосноор бас нэгэн сайхан романс төрөв. Үүнийг ДБЭТ-ын гоцлол дуучин, меццо сопрано хоолойт Б.Уранзолбоо анхлан дуулав.
Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболд соён гэгээрүүлэгч Дулдуйтын Равжаагийн “Хоосон чанар” шүлгийн төгсгөл хэсгийг “Болоосой” хэмээн нэрлэж, хөгжим бичсэнээр ийм нэртэй романс мэндэлжээ. Үүнийг дуучин, Консерваторын дуулах ур зүйн багш Батцэнгэл дууллаа.
Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров СУИС-ийн бүрэлдэхүүн нэгэн сургуулийн захирал Д.Даваасүрэнгийн “Анхилхан салхи” шүлэгт хөгжим зохиож, романс бүтээснийг ДБЭТ-ын гоцлол дуучин, СУИС-ийн багш, Гавьяат жүжигчин, сопрано Б.Эрдэнэтуяа дуулав. Энэхүү төсөлд рок попын уран бүтээлчийг хамруулсан нь өвөрмөц шийдэл байлаа. “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр нь яруу найрагч Б.Ганхүрэлийн бичсэн “Энэ хайр-Чиний хайр” шүлэгт хөгжим бичсэнийг тус сургуулийн эстрад хөгжмийн ангийн багш, оюутнууд хамтарч дуулсан. Гоцлоочид нь эрэгтэй, эмэгтэй хос байсан нь мөн сонирхолтой.
Хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр өөрөө Төрийн шагналт яруу найрагч, “Болор цом”-ын эзэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Бавуудоржийн “Монголын их амар амгалан” шүлэгт хөгжим зохиож сонсголонтой нэгэн романс туурвисныг ДБЭТ-ын гоцлол дуучин, олон улсын уралдаануудын шагналт басс баритон О.Хүрэлбаатар дуулав. Хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш Ц.Эрдэнэбат яруу найрагч Ш.Энхбаярын “Үүрдийн баясгалан” шүлэгт хөгжим туурвиж Монголын мэргэжлийн хөгжмийн урлагт бас нэгэн сайхан бүтээл нэмэв. Энэхүү дууг Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин, басс хоолойт Амарболд дуулан сонордуулсан.
Төслийн зохицуулагч, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн захирал Г.Ганцэцэг “Монгол романс дэлхийд” төсөлд Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн, яруу найрагч, дууны болон романсын шүлгийн мастер, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэвийн 1984 онд туурвисан “Эх орондоо өргөх үг” шүлэгт хөгжим зохиож бүтээсэн романсыг багтаах нь зүйтэй гэж үзсэнээ тайлбарлаж байлаа. Энэхүү дууны үгийг хөгжмийн зохиолчийн гар бичмэлээр хэвлэсэн нь ч сонирхолтой бөгөөд хүндэтгэлтэй ажгуу. Уг романсыг ДБЭТ-ын гоцлол дуучин Ш.Наранчимэг олонд сонордууллаа.
Энэ өдөр үзэгч, сонсогчдод хүргэсэн арав дахь романс нь яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын үг “Уяхан замбуутив” юм. Хөгжмийг нь “Анир”-ын гэдгээрээ олонд танигдсан Б.Алтанхуяг зохиожээ. Дуучин нь ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга. Төгөлдөр хуурч нь нэрт концертмейстер Ц.Уртнасан.
Хөтлөгч, яруу найрагчийг романсынхаа шүлгийг дуудаж өгөхийг хүсэхэд, найрагч уншихын өмнө “Уяхан замбуутив гэдэг бол уртын дууны нэр төдий үг биш юм аа. Энэ бол философи буюу гүн ухаан юм. Монголчуудын ертөнцийг таньдаг, энэ ертөнцөд амьдардаг ухаан, утга учир юм. Хөгжмийн зохиолч бид хоёр ингэж ярилцсан” гээд шинээр төрсөн “Уяхан замбуутив” романсын үгийг шүлэглэн дуудсанд үзэгч, сонсогчид гүнээ талархан алга ташсан юм. Тэрбээр:
Дээд тэнгэр, дэргэд газар
Миний мэндэлсэн дайд
Хүний цэнхэр хорвоо, хорвоо минь ээ
Уяхан замбуу тив минь
Уяхан замбуу тив минь ээ
Уяхан замбуу тив минь
Уяхан замбуу тив минь ээ
Нүдэн булаг
Нулимс байсныг мэдэлгүй
Би залгилсан юм биш байгаа
Далай тэнгис минь өршөө
Зүрхэн навчис
Сэвлэг чинь байсныг мэдээгүй
Үр минь тасалсан юм биш байгаа
Дагшин орон минь өршөө
Энэрэхүйн совин өмөөрөөд
Энэ дэлхий ертөнц санагдана
Ижий минь та
Ижий минь та
Уяхан замбуу тив ээ
Есөн гариг
Ерөөлт орчлон
Миний энэрсэн бүхэн
Мөнхийн уяхан минуу, минуу зээ
Уяхан замбуу тив минь
Уяхан замбуу тив минь ээ хэмээн санаа алдтал уншсан даа.
Хөгжмийн зохиолч, яруу найрагч хоёр энэ романсаа Ө.Уянгаар дуулуулахаар сонгосон нь оновчтой болсон мэт. Түүгээр романс дундуур хэсэг, хэсэгхэн шуранхайлуулъя гэж ярилцсан уу, эсвэл дуучин өөрөө санаачилсан уу, нандин сопрано хоолойгоороо үе үе шуранхайлах мэт дуулах нь ихэд өвөрмөц агаад нийцтэй сонсогдож байна билээ.
Энэхүү төслийг санаачлагчид уг романсуудыг дуучид мөдхөн гадаадад дуулна, мөн олон улсын дуучид ч дуулна, тэр бүү хэл Монголд болох өндөр зэрэглэлийн уралдаанд дуулж өрсөлдөх болно гэсэн алсын хараа, мөрөөдөлтэйгөөр ажиллажээ. Тэдний мөрөөдөл биелэх байх. Дуурийн дуулаачийн монгол дэг сургуулийг хэдийн бий болгосон хамт олон ийм амбицтай байхаас ч яах вэ гэж бодож байлаа.
Концертын хөтлөгч нь Ардын жүжигчин, СУИС-ийн багш А.Долгор юм. Дуурийн урлаийн мастеруудын нэг, дэлхийн сонгодог болон Монголын хөгжмийн зохиолчдынхоо романсуудыг олон жилийн турш үзэгч, сонсогчдод хүргэж ирсэн түүнд төслийг санаачлагч тоглолтыг хөтлөх санал тавьснаар ийнхүү анх удаа ийм ажил хийж буйгаа хэлсэн. Дууны урлаг, тэр дундаа романс хэмээх, мэргэжлийн өндөр түвшинд зохиож бүтээдэг дууны талаар гаргуун мэдлэгтэй тэрбээр шинээр “мэндэлсэн” бүтээлүүдийн онцлогийг товойлгон тайлбарлаж байсан нь маш ойлгомжтой, өгөөжтэй байсан юм. А.Долгор багш “Дууг гурван жигүүртэй гэдэг. Тэгвэл романс нь дөрвөн жигүүртэй. Яагаад гэвэл төгөлдөр хуурч багшийн мэдлэг, чадвар, удирдлагагүйгээр романс төрөх боломжгүй. Тиймээс зохион байгуулагчид эдгээр шинэ бүтээлийг та бүхэнд бардам хүргэж байгаа нь концертмейстер багш нарын ач. Өнөөдөр багш нар маань жаргалаа эдэлж буйд баяртай байна. Дандаа оюутнуудтай ажиллаж, “До шүү дээ, за одоо ре” гэж нэгд нэгэнгүй нухаж суудаг хүмүүс энэ удаа том дуучидтай тоглон, жаргаж байгааг харах гоё байна” гэсэн юм.
Ийнхүү “Монгол романс дэлхийд” төслийн хүрээнд дэлхийн хөгжмийн урлагт арван гоё, хөтлөгчийн хэлснээр цэцэг шиг, солонго шиг романсыг СУИС-ийнхан нэмэв.
Цар тахлаас үүдсэн сэтгэлийн түгшүүр намжаагүй энэ цаг үеийн жаврыг үргээх мэт, уран бүтээлчид, ер бүтээн туурвигч хэн бүхэнд сэтгэлийн цэнгэл эдлүүлсэн арга хэмжээг хэрхэн эхлүүлснийг хэлье.
Төслийн зохицуулагч Г.Ганцэцэг захирал тоглолтыг Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын бүтээл “Хүний заяа”-гаар эхлүүлсэн юм. Ингэхдээ тайзан дээр дуулах болон зааланд байсан нийт дуучдыг “дайчилж”, сүр хүчийг үзүүлсэн нь санаанд оромгүй гэнэтийн бэлэг байлаа. Тэрбээр хүндээр өвдөж, эдгээд, ажлаа үргэлжлүүлэн хийж буй билээ. Магадгүй эмчилж эдгээсэн эмч, мэргэжилтнүүдэд үргэлж талархаж яваагаа илэрхийлэх гэсэн байх. Ер нь өвчин тахал нүүрлэсэн амаргүй энэ цаг үед бүхий л хүнд, хүмүүн заяанд онож төрсөндөө, хийж бүтээж яваадаа сэтгэл ханаж, жаргаж явахыг ерөөх гэсэн ч болов уу. “Бүгдээрээ өөрсдийнхөө, бусдын төлөө сэтгэл гаргаж чаддаг заяагаа түшиж амьдаръя” гэж хэлэн үзэгчдийн сэтгэлийг нялхрааж орхино билээ.
Тийм ээ, хүн болж энэ орчлонд ирсэн заяандаа талархаж, их найрагчийн хэлснээр амьддаа бие биеэ хайрлаж, дуундаа жаргаж амьдрахын сайхныг энэ өдрийн тоглолт, арга хэмжээнээс дахин нэг мэдрэв.