Нууцаар дизелийн түлш тээвэрлэж явсан гадаадын хөлөг онгоцыг Ираны зэвсэгт хүчнийхэн саатуулсныг ISNA агентлаг уламжлав. Персийн булангаар зорчиж явсан хөлгийг саатуулах үед нууцаар хил давуулан наймаалах гэж байсан 150 мянган литр дизелийн түлш илрүүлсэн гэнэ. Мөн уг хөлөгт байсан гадаадын 11 иргэнийг баривчилж, шүүхэд шилжүүлжээ. Үүнээс өмнө Ираны хилчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд Панамын далбаатай, 300 мянга орчим литр түлш ачсан хөлөг онгоцыг саатуулж байсан билээ.